Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөлөө

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцлээ.  Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгууллаа хэмээн тэрбээр мэдээллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд нийт 1307 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал ажилласнаас гадна, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 559 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагаатай холбоотойгоор 253 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 720 албан хаагч, нийт 3022 төрийн албан хаагч ажиллажээ.

 

Дараа нь шинээр сонгогдсон гишүүд Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Энхбаярын Батшугар, Цагаанхүүгийн Идэрбат нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдлаа.


Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөлөө
2021-10-21 12:07:22
Шинэ мэдээ
Санал асуулга