АБГББХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Мягмар гарагийн (2021.10.26) хуралдаан 14 цаг 38 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

    Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхий эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрсөн хэмээн тэмдэглэв. Харин Засгийн газар боломжит бүх нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувь, жилийн эцсээр 4.1 хувьд хүрэхээр хүлээгдэж байгаа аж.

    Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”- ийг дэмжихэд чиглүүлсэн байна. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр экспортын хэмжээг өсгөж, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэх замаар ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон зорилтуудыг тавьсан болохыг Б.Жавхлан сайд танилцуулав.

Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны хууль, эрх зүйн үндсийг боловсронгуй болгон, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх хүрээнд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Хуулийн 7.1 дэх заалтад “Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэрэг, барилга-инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэрэг”-ээс бүрдэхээр заасны дагуу холбогдох төсвийг тусгасан гэв.

    Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5.0 хувиар өсөхөөр төсөөлжээ.

    Дараа нь Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар Улсын Их Хуралд төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмж өгсөн байна.

Тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны урсгал зардлын төсвийн төсөлийн талаар мэдээлэл өгөв.  Гадаад харилцааны сайдын 2022 оны урсгал зардлын төсвийн төсөл 2021 оны урсгал зардлын төсвөөс 16.8  тэрбум төгрөгийн зөрүүтэй байгаа бол Батлан хамгаалахын сайдынх 8.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа аж.

    Үндэсний аудитын газраас тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг танилцуулсан нь төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна гэжээ. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна хэмээн дүгнэлтдээ дурджээ.

    Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд Засгийн газрын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой гэжээ.

    Аудитын дүгнэлт 6.7-д “Төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах, төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна” гэжээ. Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод  байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагаанд уг зохицуулалт тодорхойгүй байгаа гэжээ. 

    Төсвийн төлөвлөлтийн чанар сайн бол төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах, олон нийт хяналт тавих боломжоор хангах хууль эрх зүйн орчинг бий болгон сайжруулах шаардлагатай хэмээн дүгнэсэн байна.

    Сангийн сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав.


АБГББХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2021-10-26 18:00:16
Шинэ мэдээ
Санал асуулга