Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай саналаа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хүүхдийн эрхийг хамгаалах, соёл урлагаар дамжуулан хүмүүжил олгох, үндэсний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдлын талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нийгмийн аль бүлэгт чиглэсэн нэвтрүүлгийн бодлогод анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх чиг үүргээ бүрэн биелүүлж ажиллаж чадах эсэх талаар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн гол чиг үүрэг бол ард түмнийг соён гэгээрүүлэх асуудал тул иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх ухамсар, соёлыг төлөвшүүлэх бодлогыг баримтлах талаар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хүүхэд, залуучуудыг соёл урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, үндэсний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсролыг олгоход анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай бол холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах шаардлагатай талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагажуулах талаар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх талаар саналаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Д.Жавзандорж, Н.Онон нар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. 

Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө.


Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо
2022-01-14 18:01:40
Шинэ мэдээ
Санал асуулга