Хүний эрхийн дэд хорооноос “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” тогтоолыг баталлаа

 Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн  алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцсэн юм. Дэд хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга Д.Рэнцэндорж, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа нар оролцсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсны дараа “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Дэд хорооны тогтоолын төслийг Б.Энхбаяр гишүүн танилцуулсан.  Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хугацаат цэргийн алба хаагчдыг “цэргийн дэг” нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжуудад хяналт шинжилгээ, хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эдгээрт үндэслэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох төслүүдийг 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цэргийн жинхэнэ албан хаагч болон цэргийн бэлтгэл алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хамгаалах, хадгалах, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн хэрэгжүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгож, гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгохоор төсөлд тусгажээ.

Түүнчлэн удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтын чиглэлээр талуудын оролцоо бүхий ажлын хэсгийг байгуулж зүй бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр богино, дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулж, ажиллах, өмнө гарсан тохиолдлуудын шийдвэрлэлтийн талаар олон нийтэд ил тод мэдээлэх, салбарын хэмжээнд, бүх шатанд хүний эрхийн талаарх сургалт зохион байгуулах зэргийг чиглэл болгохоор Дэд хорооны төсөлд тусгасан байна.  Уг тогтоолын төслийг өнөөдөр албажуулан хүргүүлжээ.


Хүний эрхийн дэд хорооноос “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” тогтоолыг баталлаа
2021-04-07 15:15:30
Шинэ мэдээ
Санал асуулга