Хүүхдийн төлөө сангийн журам батлагдлаа

Монгол Улсын Их хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хэлэлцэж, баталлаа. Хүүхдийн төлөө сангаас хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж, урамшуулах, мөн олон улс, тив, дэлхийн уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан. Журмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3.1-д заасан хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд тавигдах болзол шалгуур, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулахаас гадна, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж, урамшуулах тэмцээн уралдааны жагсаалтыг хавсралтаар баталж, түүнд оролцон амжилт гаргасан хүүхдэд олгох мөнгөн шагналын хэмжээ, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, олимпиад, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэгийг зохицуулж байгаа юм.
Монгол Улсын нийт хүн амын 37,1 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд тэдний 35.0 хувь нь өсвөр насны хүүхдүүд байна. Өсвөр насны хүүхдүүдийн хөгжил, оролцоог дэмжих зайлшгүй шаардлага үүсэж байгаа бөгөөд хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлж урлаг, спортоор хичээллүүлж тэднийг улс орондоо төдийгүй дэлхийд амжилттай өрсөлдөх чадвартай иргэн болгоход энэхүү журамд тусгагдсан олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах зардал, мөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын паралимп, дифлимп, тусгай олимпд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэмцээний хураамж, замын зардал, бэлтгэл хийх заал, байрны түрээс, шаардлагатай тоног төхөөрөмж, олон улсад хүчинтэй эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хураамж, хувцас хэрэгсэл зэрэг зардалд дэмжлэг олгохоор зохицуулагдаж буй бодит дэмжлэг болж байгаа юм.
Мөн маш амжилттай хөгжиж байгаа оюун ухааны спорт, олимпиадаар хичээллэж амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулна. Тус журам батлагдсанаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдлээ.

 


Хүүхдийн төлөө сангийн журам батлагдлаа
2021-06-23 17:30:37
Шинэ мэдээ
Санал асуулга