Коронавирусийн батлагдсан 42 тохиолдол боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын өдөр бүр өгдөг ээлжит мэдээллээр улсын хэмжээнд  987  иргэн ажиглалтад байгаа бөгөөд тусгаарлах байрнаас 72 иргэн  гарсан байна. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт  313 дуудлага ирж,  Шведээс зургаа, АНУ-аас хоёр иргэн хандаж, зөвлөгөө авчээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор хийсэн долоон сорьцын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өмнөговь аймагт тусгаарлагдсан иргэнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илэрлээ. Тавдугаар сарын 3-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. Шинж тэмдэг нь маш тод илэрсэн. Толгой өвдөж, хоолонд дургүй болж нус гоожсон. Коронавирусийн батлагдсан 42 тохиолдол боллоо" гэв.

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА  А.АМБАСЭЛМАА

-Коронавирусийн халдвараар эдгэрч гарсан хүмүүсийг эмнэлгээс гарсны дараа хоёр удаа шинжилгээ авч байна. Гэрт гарсан дөрвөн хүнээс хоёр удаагийн давтан шинжилгээгээр гурав нь бүрэн эрүүлжсэн. Харин нэг хүн тусгаарлагдах 14 хоногийн хугацаа нь дуусаагүй байна. Бусад нь Энхсаран сувилалд 14 хоног тусгаарлагдаж байна.

ЭМЯ-НЫ ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:

-Дэлхийн эрдэмтэн судлаачид улс орнуудыг коронавирусийн халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэхийг анхааруулж байна. БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан иргэдийн үрийн шингэнээс вирус илэрчээ. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг ажиглахад хоёр, гурав дахь давтан шинжилгээний дараа халдвар нь илэрч байна. Тиймээс тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон нь манай орны нөхцөл байдалд их тохирч байна. Одоогийн байдлаар гадаадын улс орнуудад амьдарч буй 20 гаруй иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Үүнээс нь 15 нь эдгэрч, таван хүн гэрийн тусгаарлалтад байна. Эрүүл мэндийн байгууллагаас эмч мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна гэж мэдээллээ.


Коронавирусийн батлагдсан 42 тохиолдол боллоо
2020-05-08 17:20:17
Шинэ мэдээ
Санал асуулга