АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд монгол хүү илтгэл тавина

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх  ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавихаар болжээ. 

АНУ-ын Никелодеон сувгийн All That шоуны залуу жүжигчин С.Чингүүн уг үйл ажиллагаанд оролцох урилга авсан байна.

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард  Nickelodeon,  Time for Kids болон Time сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны “Дэлхийн оны шилдэг хүүхэд шалгаруулах" /"Kid of the year"/ телевизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцсон юм. 

С.Чингүүн Фэйсбүүк хуудастаа "Энэ ням гарагт Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болно. YouTube болон Facebook  дэх National Children's Campaign  хуудсаар 15:00 цагаас шууд үзээрэй" хэмээн бичжээ. 

Түүний ээж Т.Сэргэлэнцэцэг "Хүү маань Америкийн 74 сая хүүхдийн дуу хоолойг төлөөлж буй зочны нэгээр уригдан оролцох гэж байгаад  баяртай байна. Шууд дамжуулах бөгөөд та бүхнийг Америкийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бага болон өсвөр насны хүүхдүүд хэрхэн идэвхтэй оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгааг хүүхдүүдтэйгээ хамт үзэж сонирхохыг уриалж байна" хэмээн бичсэн байна.


АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд монгол хүү илтгэл тавина
2021-01-16 10:50:00
Санал асуулга