“Насны хишиг” тэтгэмж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдрөөс олгоно

“Насны хишиг” тэтгэмж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдрөөс олгож эхэлнэ. Ахмад настны тухай хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн насны хишиг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог. Энэ онд 140 мянган ахмадууд “Насны хишиг” тэтгэмж авах бол Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 223.8 мянган эхэд олгох юм.
Улсын Их Хурлаас 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож, нийгмийн халамжийн сангаас I одонтой эхчүүдэд жил бүр 200 мянган төгрөг, II одонтой эхчүүдэд жил бүр 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж өгч байгаа. Энэ оноос эхлэн дээрх 2 үйлчилгээг Халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -ээр дамжуулан тус цахим системд холбосон дансанд шилжүүлж олгох бөгөөд иргэдийг арилжааны банкинд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үйлчилгээнд хамрагдах нийт иргэдийн 97 хувь нь цахим системд дансаа холбосон байна.

 


“Насны хишиг” тэтгэмж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдрөөс олгоно
2021-02-09 10:40:55
Шинэ мэдээ
Санал асуулга