Д.Оргил: Иргэд SMART UB аппликейшн татаж, амьдрах орчноо сайжруулахад саналаа өгөх хэрэгтэй

НЗДТГ-аас 2022 онд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр хийх ажилд иргэдийн саналыг авч буй. Улаанбаатар хотын насанд хүрсэн иргэн бүр тус санал асуулгад SMART UB аппликейшн ашиглан, цахимаар оролцох боломжтой. Хэрэв ухаалаг утасгүй, интернэтгүй бол хороон дээрээ очиж бүртгэлийн хуудас бөглөж баталгаажуулбал, хорооны ажилтнууд таны саналыг аппликейшн руу оруулж тусалах юм.Санал асуулга гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Санал асуулгын явц болон бусад зүйлийн талаар Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргилоос тодрууллаа.

-ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлын цахим санал асуулгын явц ямар байна вэ Хэчнээн иргэн санал өгөөд байна вэ?

-Өнгөрсөн жилийн санал асуулгатай харьцуулахад энэ жил иргэдийн оролцоо нэмэгдсэн байна. Гуравдугаар сарын 10-ны байдлаар 100 мянга гаруй иргэн саналаа өгсөн байна. Энэ нь нийт саналаа өгөх ёстой иргэдийн 12.3 хувь нь оролцсон гэсэн үг.

-Иргэд ихэвчлэн ямар ажилд санал өгч байна вэ?

-Санал асуулга үргэлжилж байх хугацаанд системээс иргэд ямар ажил дээр санал өгч байгааг харах боломжгүй. Санал асуулга дууссаны дараа үр дүнг харах боломжтой. 2020 оны цахим санал асуулгад нийтийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт болон ногоон байгууламж нэмэгдүүлэх гэх мэт саналууд эхний гуравт эрэмбэлэгдэж байсан.

-Нийт хэчнээн иргэдээс санал авахаар төлөвлөсөн бэ?

-Нийслэлийн 18-аас дээш насны нийт 800 мянга орчим иргэн санал асуулгад оролцох боломжтой.

-Хүндрэл, бэрхшээл тулгарч байна уу?

-Хүндрэл бэрхшээлүүд харьцангуй бага байна. Гэхдээ иргэд маань идэвхгүй байгаа болохоор хорооны хэсгийн ахлагч нар өөрийн хариуцсан хороо, хэсгийнхээ иргэд рүү залгаж, санал асуулгын талаар танилцуулж байгаа. Гэвч иргэд үүнийг янз бүрийн байдлаар хүлээн авч байна.

-Хэсгийн ахлагч нар иргэд рүү залгаж “Утсанд  нь таван оронтой тоо очно. Санал асуулга авч байгаа юм” гэх байдлаар иргэдийн өмнөөс санал асуулгад оролцож байгаа мэдээлэл байна. Мөн дээрээс ийм үүрэг өгсөн гэх юм. Энэ үнэн үү?

-Хэсгийн ахлагч нарт иргэдийн өмнөөс санал өг гэсэн зааварчилгаа өгөөгүй. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан утсаар иргэдэд санал асуулгад оролцох талаар зөвлөмж хүргүүлсэн байгаа. Иргэд өөрсдийн амьдарч буй орчноо хамгийн сайн мэдэж байгаа хүмүүс учраас Smart UB аппликейшн татаад өөрийн хороо, амьдрах орчноо сайжруулахад саналаа өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс ОНХС-д зориулж төсөвлөсөн хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг иргэдээс асууж байгаа учраас иргэд өөрсдөө идэвхтэй оролцож саналаа өгөх нь хамгийн чухал байна.

-Иргэдийн өмнөөс санал өгүүлэхгүй байх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Саналаа өгөхөд тухайн иргэн мөн эсэхийг нягтлахын тулд гар утасны дугаараар бүртгэж, гар утасны дугаар руу нь код илгээж байгаа. Иргэд энэ кодоо дамжуулахгүй буюу өөрөө ашиглаад санал асуулгадаа оролцож гэмээн өөр хэн нэгэн таны өмнөөс санал өгөх боломжгүй юм. Дүүрэг, хороод руу мэдэгдэж, иргэдийн өмнөөс санал өгөхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.

-Иргэд хэрхэн, яаж санал асуулгад оролцох вэ?

-Өөрийн гар утсандаа Smart UB аппликейшн татаж, ОНХС-гийн цэс рүү орж, Санал асуулга гэсэн цэсээр саналаа өгнө. Хэрэв ухаалаг утасгүй, интернэтгүй бол хороон дээрээ очиж бүртгэлийн хуудас бөглөж баталгаажуулбал, хорооны ажилтнууд таны саналыг аппликейшн руу оруулж тусална.


Д.Оргил: Иргэд SMART UB аппликейшн татаж, амьдрах орчноо сайжруулахад саналаа өгөх хэрэгтэй
2021-03-11 18:07:24
Шинэ мэдээ
Санал асуулга