Зөвшөөрөлгүй объектуудыг буулгалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар чөлөөлж, зөвшөөрөлгүй объектуудыг буулгаж байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим байршил дахь зөвшөөрөлгүй газруудыг чөлөөлж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн Засаг даргын "Газрын зөрчил арилгах тухай" 2021 оны А/250 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 34, 38 дугаар хорооны зарим байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан объектуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил хийсэн. 34 дүгээр хорооны хувьд Орбитын тойрог орчмын нийтийн эдэлбэр газарт зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан Түргэн үйлчилгээний цэг болон контейнер, төмөр чингэлгүүдийг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөллөө. Мөн 38 дугаар хорооны “Залуус” хотхоны гадна талбайн хуучны объектуудыг буулгалаа.

-Газар чөлөөлсний дараа тухайн газарт тохижилтын ажил хийх үү?

-Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо “Залуус” хотхонд 1300 орчим өрхийн 5000 гаруй оршин суугч амьдардаг. Оршин суугчид автомашины зогсоол, гарц нээх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан. Оршин суугчид ганцхан гарцаар орж, гардаг байсан юм. Зөвшөөрөлгүй объектуудыг чөлөөлснөөр 1400 ам метр талбайд 40-50 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөж байна.


Зөвшөөрөлгүй объектуудыг буулгалаа
2021-07-01 14:30:39
Шинэ мэдээ
Санал асуулга