Байгалийн гамшигт үзэгдлүүд дэлхий улс орнуудыг сандаргаж байна

Цар тахалтай тэмцэж буй энэ хүнд хэцүү цаг үед байгалийн гамшигт үзэгдэл мөн дэлхийн улс орнуудыг сандаргаж байна. Тухайлбал, Өмнөд Солонгост Бави нэртэй хүчтэй хар салхины улмаас дотоодын бүх нислэг болон гатлага онгоцны үйлчилгээг зогсоогоод байна. Чэжү арал болон өмнөд эргийн бүс нутгаар өчигдөр (2020.08.26)-өөс хүчтэй хар салхи болж, аадар бороо орж эхэлжээ. Чэжү олон улсын нисэх онгоцны буудал л гэхэд 330 гаруй нислэгээ цуцалсан байна.

Мөн зарим хотуудад галт тэрэгний хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсоогоод байгаа аж. Энэ сарын эхээр үерийн гамшигт нэрвэгдэж багагүй хохирол амссан тус улс энэ удаад өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэмэгдүүлээд байна. Бави хар салхи нь сүүлийн арав гаруй жилд болж байгаагүй хүчтэй хар салхи гэж мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Ойрын жилд болоогүй хүчтэй хар салхи Солонгосын хойгийг дайран өнгөрөх гэж буйтай холбогдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болзошгүй аюулд бэлдэхийг албан тушаалтнуудад тушаажээ.

Афганистаны хойд нутгийн Парван мужид үерийн гамшиг нүүрлэж, 100 орчим хүн амиа алдсан байна. Үер наймдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө хүмүүсийг унтаж байх үеэр болсон ба тус улсын аврах албаныхан барилгын нуранги дунд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж, хэдэн зууд хүрэх магадлалтай байгаа юм.

Яг энэ цаг үед АНУ-ын зарим мужуудад Лаура далайн шуурга, Марко хар салхи болж байна. Техас, Луйзиана мужид 100 гаруй мянган айл өрх тог цахилгаангүй болж, зарим мужуудад олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Түүнчлэн хар салхи, хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй болсон байна. Цар тахлын эрсдэл буураагүй цаг үед олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх нь халдвар тархах үндэс болох учир эрх баригчдаас гамшиг, цар тахлын үеийн маш мэдрэмжтэй менежмент шаардагдаж байгаа юм.

Эх сурвалж: CNN, BBC


Байгалийн гамшигт үзэгдлүүд дэлхий улс орнуудыг сандаргаж байна
2020-08-27 19:37:33
Шинэ мэдээ
Санал асуулга