E-MONGOLIA цахим платформоор төрийн үйлчилгээг үзүүлнэ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Эстонийн цахим засаглалын академи болон Украин улсын Дижитал шилжилтийн яамны төлөөлөлтэй өнөөдөр /2020.08.27/ цахим хурал хийлээ. Хуралд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн, Цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй албаныхан оролцсон бол Эстонийн талаас тус улсын Цахим засаглалын академийн Стратеги, хөгжил хариуцсан дэд захирал, шинжээч Ханнес Асток, Эстонийн Мэдээллийн системийн агентлагийн Харилцаа холбооны асуудал хариуцсан менежер асан Катрин Паагмай болон Украины Дижитал шилжилтийн яамны дэд сайд Валерия Ионан нар оролцов.

Монгол Улс нь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хүртээмжтэй, ил тод, хялбар хүргэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эдгээрийн уялдаа холбоог хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг цахим нэг цонхоор хүргэхээр “E-Mongolia” платформыг хөгжүүлж байна. Ингэхдээ Бүгд Найрамдах Эстони Улсын цахим засаглалыг жишиг болгон сонгож, тус улсын цахим засаглалын академитай хамтран, өнөөгийн цахим хөгжлийн нөхцөл байдлыг тодорхойлж, Монгол Улсад хамгийн тохиромжтой загварыг хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төрийн цахим шилжилт хийх чиглэлээр олон зорилт дэвшүүлж, салбар бүрт цахим шилжилтийг зохион байгуулах ажлыг Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Иймээс цаашид бид E-Mongolia гэсэн нэг цахим платформын тусламжтайгаар төрийн үйлчилгээг иргэддээ хүргэнэ. Нийт 181 үйлчилгээг цахимаар нэг дороос иргэдэд хүргэхээр төлөвлөж байгаагаас одоогийн байдлаар 106 үйлчилгээ цахим платформд шилжээд байна. Эстонийн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын цахим шилжилтийн загварын жишигт тулгуурлан E-Mongolia цахим платформыг хөгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Хур, Дан гэсэн системийг бий болгосон. Эдгээр системүүд E-Mongolia гэсэн нэгдсэн нэг платформ руу шилжинэ гэсэн үг. Иргэд цахим нэг цонхны үйлчилгээ буюу “E-Mongolia” платформоос ил тод, хариуцлагатай, хурдан шуурхай, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Аравдугаар сарын дундуур бид E-Mongolia  гэсэн албан ёсны платформыг нээнэ” гэдгийг онцлон хэлэв.

 

 


E-MONGOLIA цахим платформоор төрийн үйлчилгээг үзүүлнэ
2020-08-27 18:55:48
Санал асуулга