Соёл урлагийн үзвэр, үйлчилгээний орлогын нэг хувийг хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулж эхэллээ

"Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган өнгөрсөн сарын 27-ны өдөр Төрийн ордонд болж өнгөрсөн юм. “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.

Чуулганаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, манлайлалтай ажиллахаа амлан, тодорхой уриалгуудыг дэвшүүлсэн.

Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Соёлын дэд сайд М.Батбаяр салбарын хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг танилцуулсан бөгөөд соёл, олон нийтийн арга хэмжээн дэх хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ "Нэгдүгээрт хүүхэд" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж уриалга гаргаж, амлалт өгсөн юм.

Тэдгээр уриалга, амлалт нь:

"1. Хөшиг нээгдэх бүрд – Хүргэх нэг үг

Соёл урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулсан уриалга хүргэж хэвшинэ.

2Хүүхэд хөгжлийн 1 хувь

Соёл урлагийн үзвэр үйлчилгээний байгууллага нь худалдаалагдсан тасалбарын орлогын 1 хувийг өөрийн байгууллагын хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхүйц төсөл, арга хэмжээнд зарцуулна" байсан юм.

Энэхүү амлалт, уриалгыг улс орон даяар 21 аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрууд, харьяа соёл урлагийн байгууллага, театр, чуулга, музей, нийтийн номын сан болон соёлын төв, орднууд хэрэгжүүлж эхэллээ.

Ташрамд дурдахад, "Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн гишүүд, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хүүхдийн элч, эрдэмтэн, судлаачид, аж ахуй нэгж байгууллагын 650 гаруй төлөөлөл оролцсон юм.

Тус чуулганаар Засгийн газрын бүх яамд, салбарууд, нийслэл, аймгууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, ажил олгогч эзэд зэрэг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид үйл ажиллагаа, бодлого шийдвэр бүрийнхээ эхэнд хүүхдийн эрх ашгийг тэргүүнд тавьж салбартаа хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлж ажиллах амлалт өгсөн юм.

Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн конвенцийн Хүүхдийн эрх ашгийг хангах үндсэн зарчимд тулгуурласан Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасны дагуу хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллах нэгдсэн зөвшилцөлд хүрсэн юм.

43.3.Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.

 

Соёл урлагийн үзвэр, үйлчилгээний орлогын нэг хувийг хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулж эхэллээ
2022-06-02 15:47:10
Шинэ мэдээ
Санал асуулга