“Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэллээ

Манай улсын хүүхэд бүрд “Ирээдүйн өв сан”-гаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлал үүсгэх талаар Сангийн яамнаас мэдэгдлээ.

Тодруулбал, “Ирээдүйн өв сан”-гаас Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр мөнгөн хадгаламжийг төвлөрүүлэх юм. Энэ нь цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул 2022 онд байгалийн баялгаас олох орлогын хүртээмжийг нэмэгдүүлж, хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна.

Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрэв хүсвэл “Ирээдүйн өв сан”-гаас Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг мөнгөн хэлбэрээр авах боломжтой аж. Тухайлбал, энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувийг мөнгөн хэлбэрээр авах боломжтой. Хүүхдийн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг иргэдэд хамгийн чирэгдэл багатай байхаар зохион байгуулж байгаа бөгөөд хүсэлтээ www.ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан сар бүр цахимаар, мөн өөрийн харьяалагдах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст биечлэн очиж жилд нэг удаа гаргаж болно. Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргасан бол сар бүрийн 20-ны өдөр банкан дахь хүүхдийн нэрийн дансанд орно.

Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1 хүртэл 100.000 төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ, "Энэ оны эхний хагас жилийн тухайд эцэг, эх хүсвэл 100.000 төгрөг бүтнээр нь авч болно. Энэ нэгдүгээр сард хүсэлтийг хэрхэн авах шийдлийг гаргаж байгаа. Тодруулбал, цахим системүүдийг ашиглана" гэж мэдээлэв.

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах бол доорх зааврын дагуу хүсэлтээ гаргах юм. Цахим систем ашиглаж болон биечлэн очиж хүсэлт гаргах хэд хэдэн хувилбарт сонголтыг бэлтгэжээ. Үүнд:

  • www.ehalamj.mn цахим хуудас
  • Ebarimt гар утасны аппликэйшн
  • Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
  • Банкны теллер /энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ/.

"Удахгүй e-mongolia мэдээллийн системд хөгжүүлэлт мөн хийнэ. Одоогоор 65 мянган хүүхдийн хүсэлт, сонголтыг эцэг, эхчүүд илэрхийлээд байна. Хамгийн түгээмэл хэрэглэдэг Ибаримт аппликэшний шинэчлэлт (update) хийгээд зааврын дагуу сонголтоо илэрхийлэх боломжтой.

Хүүхдийн мөнгийг нэгдүгээр сарын 20-нд олгоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдох бөгөөд өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдох болсон талаар ХНХЯ-наас мэдээллээ. Хүсэлт гаргаагүй тохиолдолд тухайн сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж “Ирээдүйн өв сан”-гийн хуримтлалд хадгалах юм.


“Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэллээ
2022-01-12 18:54:35
Шинэ мэдээ
Санал асуулга