ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томиллоо

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус тав дахь гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томилуулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.  Хууль зүйн байнгын хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэж, нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулсан бөгөөд Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Навагчамбын Баасанжав, Дашпунцагийн Эрдэнэчимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

    Улсын Их Хурлын 2021 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Навагчамбын Баасанжав нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон бол Дашпунцагийн Эрдэнэчимэгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилно.” гэж, 77.8 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохоос татгалзсан бол ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдээс дараагийн хамгийн олон санал авсан хүнийг энэ хуулийн 77.4.5-д заасны дагуу Улсын Их Хуралд нэр дэвшүүлнэ.” гэж заасныг баримтлан Дорждамбын Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Дорждамбын Зүмбэрэллхамыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

    Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Ганбат, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам, ажлын хэсгийн гишүүн О.Мөнхсайхан нар хариулт өглөө. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний 29 нь 72.5 хувийн саналаар нэр дэвшигч Дорждамбын Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжсэн. Ийнхүү гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн тул “Шүүхийн өрөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан эцсийн найруулгыг уншиж, танилцуулсан юм.


ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томиллоо
2021-12-02 16:01:24
Шинэ мэдээ
Санал асуулга