НББХ: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил  танилцуулав.

Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэл өгсний дагуу уртын ээлжээр ажиллах 14/14 хоногийн хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, үл өрсөлдөх гэрээний үйлчлэх хугацаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дууссанаас хойш нэг жилээс илүүгүй байх, ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглох зэрэг зарчмын зөрүүтэй гурван саналыг Ажлын хэсгээс бэлтгэлээ.  Түүнчлэн ажлын хэсэг 2021 оны зургаадугаар сарын 21-ний өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу ажил хаялт, хөдөлмөрийн эрхийн маргаан, гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээг тодорхой болгож, ажил олгогч ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүргийн дагуу мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах, дагалдангаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой болгох мөн хуулийн төслийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх зэрэг зарчмын зөрүүтэй 16 санал бэлтгэснийг Байнгын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Сарангэрэл нар асуулт асууж, хариулт авлаа. 

Тухайлбал гишүүн Д.Сарангэрэл ажилласан жилийг харгалзахгүйгээр жилийн ээлжийн амралтын хоногийг 20 хоног болгосныг оновчгүй гэж үзэж байгаа бөгөөд ямар үндэслэлээр ингэж тогтоосныг тодруулав. Энэ асуултад жилийн ээлжийн амралтын үндсэн хугацааг 15 хоногоор тогтоогоод, ажилласан жилээс шалтгаалж нэмэлт хоног олгох хуучин зохицуулалтаараа явах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр гаргасан учир энэ саналаар өнөөдөр санал хураалт явуулж шийдвэрлэнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хэллээ. 

Гишүүн Д.Сарангэрэл, Б.Энхбаяр нар олон парламент дамнан хэлэлцэгдсэн энэхүү суурь хуулийн төсөл дээр чамбай ажилласан Ажлын хэсгийн гишүүд, дэд ажлын хэсэгт ажилласан салбарын яам, холбогдох албан тушаалтнуудад талархэл илэрхийлэв. Асуулт, хариулт дууссаны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 19 саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв.  

   Үргэлжлүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулж боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн таван хуулийн төслийг хэлэлцээд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар тус тус дэмжигдлээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн, шийдвэрлэв. 

    Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Оюутолгой ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс болгох зэрэг долоон санал ирүүлснийг Ажлын хэсэг дээр ярилцаад хүлээн авах үндэслэгүй гэж үзсэн талаар хэлж, хүлээн авах боломжгүй үндэслэлүүдийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, протоколд тэмдэглүүлэв. Ийнхүү хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм. 


НББХ: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2021-06-23 16:58:00
Шинэ мэдээ
Санал асуулга