Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
 
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгав
 
Коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.
Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу улаан түвшинд байна.
Олон улсад ялангуяа, манай хөрш ОХУ-д коронавируст халдварыг үүсгэгч альфа, бетта, дельта, БНХАУ-д альфа, бетта, гамма хувилбарын вирус бүртгэгдэж байна.
Дэлхийн хэмжээнд болон Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын тархалт буурахгүй, нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгажээ.
 
Хилийн зарим боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгалаа
 
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан”, автозамын “Замын-Үүд”, “Алтанбулаг” боомтоос бусад боомтод 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.
  
Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
 
Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн үзэл баримтлалын дагуу Бүсийн хөгжлийн төслийг энэ оны гуравдугаар улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.
Мөн тус аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт шинэ дагуул хотуудыг хөгжүүлэх, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов.
Шинэ дагуул хотуудын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор Зуунмод хотод БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих дулааны  станц болон улсын төсвийн хөрөнгөөр хийх “Зуунмод” дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад, эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулж танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарт даалгав.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны захирамжаар Төв аймгийн Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийг боловсруулж, бүтээн байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулан байгуулсан. Сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нэгдсэн төлөвлөлтийн үзэл баримтлалаа танилцуулжээ.
 
Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нэмэлт оруулав
 
Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад дараах дурсгалыг нэмэв. Үүнд,
Архангай аймгийн Өлзийт сумын Харганын дөрвөлжин
Архангай аймгийн Өгийнуур сумын Чилэн балгас, Тамирын Улаан хошууны Хүннүгийн оршуулгын газар
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан асгын цогцолбор дурсгал
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Чихэн агуй
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Бигэр Номун ханы хийдийн туурь   
Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамрын хийдийн туурь
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Хар хөтлийн палеонтологийн дурсгалт газар
Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын Паалуугийн хадны зураг
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Мангасын хүрээ, Хавиргын зоон палеонтологийн дурсгалт газар
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Бороогийн дөрвөлжин
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Маршал харш (Х.Чойбалсангийн өвлийн ордон), Богд хааны ногоон ордны өмнөх хоёр чулуун арслан
Говьсүмбэр аймгиын Сүмбэр сумын Дагвасүндэл бурхан

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу 2020 онд энэхүү жагсаалтыг баталсан бөгөөд 182 дурсгал оржээ. Жагсаалтад орсон үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж байна.


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгав
2021-06-30 18:04:17
Шинэ мэдээ
Санал асуулга