Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулах юм

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Эрдэс баялгийн бирж байгуулах тухай асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, үүнтэй холбоотойгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улсын үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын дорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш, шударга хүртээх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишиг үнээр үнэлэн, түүнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, борлуулалт, орлогод хяналт тавих зорилгоор эрдэс баялгийн биржийг байгуулахаар ажиллаж байна.   

Хуулийн төсөлд өгсөн гол саналуудаас дурдвал, биржийн өмчлөлийн байдал, биржээр арилжаалах бүтээгдэхүүний чанарын хяналт, ногдох татварын асуудлыг хөндсөн байна.

Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, нөөцийн талаар танилцуулав

Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний ачаа тээвэрт үүссэн асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж, цаашид ачих, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт, импортын гол нэрийн хүнсний нөөцийг байнга хянаж, нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгалаа.

Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүр, импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад цагаан будаа 42, элсэн чихэр 20, ургамлын тос 22 хоногийн нөөцтэй байна.      

Иргэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургаа цахимаар авч байна

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийж, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд хийж буй ажлын талаар онцолж мэдээллээ.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг иргэн хуулийн этгээдэд үнэ төлбөргүй цахимаар олгох ажлыг эхлүүлснээр 2021 оны аравдугаар сарын 1-17-нд 2983 иргэн, хуулийн этгээд цахим гэрчилгээ, кадастрын зургийг хэвлэж авсан бөгөөд нийт 58 сая 147 мянган төгрөг хэмнэсэн байна.

Товч мэдээ

- “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

- ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Сверчук энэ сарын 21, 22-нд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талын баримтлах удирдамжийг баталлаа.

- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн баригдах нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, богино хугацаанд олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлаар жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгав.

- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Дааданхүүгийн Батбаатарыг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газрын даргаар Ганбатын Элбэгсайханыг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Баярсайханы Солонгоог, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Лхагвын Цэдэвсүрэнг тус тус томиллоо.


Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
2021-10-20 15:54:58
Шинэ мэдээ
Санал асуулга