Засгийн газар 14 яам, 17 сайдтай ажиллана

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль  тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Түүний танилцуулснаар Засгийн газар нь 14 яамтай ажиллах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна.

Харин Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам,  Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яам байна.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам болгон хуваах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр соёлын болон шинжлэх ухаан, боловсролын салбарт төрөөс баримталж байгаа бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, боловсролын тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хөтөлбөрүүдийг оновчтой удирдан зохион байгуулах боломж нэмэгдэнэ.

Харин нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, түүгээр хичээллэх явдлыг дэмжих, иргэдийг амьдралын эрүүл, зөв хэвшилд сургах замаар хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг харгалзан нийтийн биеийн тамир, спортын чиг үүргийг цаашид бодлого, зохицуулалтын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо хариуцан ажиллах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг онцоллоо.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллуулах саналаа танилцуулсан юм. Үүнд:

Ерөнхий чиг үүргийн:

-       Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

-       Батлан хамгаалахын сайд;

-       Гадаад харилцааны сайд;

-       Сангийн сайд;

-       Хууль зүй, дотоод хэргийн сайд;

-       Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

Чиглэлийн:

-       Барилга, хот байгуулалтын сайд;

-       Боловсрол, шинжлэх ухааны сайд;

-       Зам, тээврийн хөгжлийн сайд;

-       Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;

-       Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

-       Эрчим хүчний сайд;

-       Эрүүл мэндийн сайд тус тус ажиллахаар хуулийн төсөлд тусгажээ.

Мөн хэрэгжүүлэгч 23, тохируулагч 12 агентлагтай байх юм. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

 


Засгийн газар 14 яам, 17 сайдтай ажиллана
2020-07-06 18:52:27
Шинэ мэдээ
Санал асуулга