О.Цогтгэрэл: АН-ын дотоод маргаанд цэг тавигдсан

Ардчилсан намын шинэ удирдлагууд өнгөрсөн баасан гаригт хуралдсан Онц их хурлын талаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд тус намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл хэлэхдээ "Их хурлаа хийж асуудлаа шийдвэрлэсэн. Онц их хурал зуун хувийн ирцтэй явагдсан. Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрөгч хугацаанд биеэр уулзалдах боломж хомс байсан бол, энэ удаагийн хурал илүү чөлөөтэй хуралдлаа. Энэхүү хурлаар АН-ын дотоод маргаанд цэг тавигдлаа. Хуралд оролцсон лидерүүд АН-ын дотоод асуудлыг шүүх, эрх баригчид шийдэхгүй гэдгийг хэллээ. Тиймээс энэнээс цааш АН дотоод хэрүүл маргаанаа дахиж  ярихгүй. АН засаг төрийг барилцаж, үзэл санааны шинэчлэл хийсэн намынхаа хувьд иргэний талд зогсож, хөгжлийнхөө төлөө сөрөг хүчин байж ажиллана. Иймээс хөгжлийн төлөө хамтарч ажиллая гэдэг шийдвэрт хүрсэн. АН-ын ерөнхий нарын бичгийн даргаар Л.Гантөмөр томилогдож, бидний саналыг хүлээн авсан.  Нөгөө талд байгаа нөхдүүдэд үүд хаалга нээлттэй байгаа шүү" гэлээ.

Мөн тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Л.Гантөмөр "Сонгуулийн маргааш улс төрийн намууд дараагийн сонгуульдаа бэлтгэж эхэлдэг. АН-ын нөхөд бид хоёр жилийг алдчихаад байна. Илүү өргөн улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй бол 2024 оны сонгууль илүү ээдрээтэй харагдаж байна. Бид хоцорсон ч араас нь явна. АН ажил хэрэгч улс төрийн хүчин байна. Цар тахлын улмаас олон айлын амьдрал сүйрч, бизнесээ хаалгаж, ажилгүй болсон. Бид илүү ажил хэрэгчээр асуудалд хандана. Олныг хамарсан ядуурал, ажилгүйдэл ямар дүр дүн авчрах вэ гэдгийг харж байгаа. Хоёр зүйлд анхаарч ажиллана. Ингэхдээ судалгааны байгууллагатай хамтарна. Энэ одоо хоногт судалгааны байгууллагуудтай уулзаж, судалгаанд суурилсан бодлого гаргана. АН-ын бүлгээ бид дэмжиж ажиллана. Бүлгийн гишүүд өнөөгийн байдлыг өөрчлөхүйц хуулийг санаачилна. Бодлого боловсруулах чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс Бодлогын хүрээлэн байгуулж, бодлого гаргаж ирж чадахуйц хүмүүстэй хамтарч ажиллах юм" гэв.

 


О.Цогтгэрэл: АН-ын дотоод маргаанд цэг тавигдсан
2021-11-08 14:15:40
Шинэ мэдээ
Санал асуулга