Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. Уг зохицуулалтаар “Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно.

Засгийн газрын гишүүн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн нэмэлт оруулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжид, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн  Д.Сарангэрэл, Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар  Г.Сайханбаяр, Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван, Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн, Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар, Засгийн газрын гишүүн-Соёлын сайдаар С.Чулуун, Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан, Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх, Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан нарыг тус тус томилсон тухай дурджээ.

Ингээд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншин Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, тусгайлан бэлдсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, Улсын Их Хурлын даргад тангаргийн бичгээ гардуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулав. Дараа нь хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Тангараг өргөх ёслолын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд баяр хүргэж үг хэллээ.


Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв
2020-07-08 17:11:20
Шинэ мэдээ
Санал асуулга