Ж.Батбаясгалан: Хичээлийн жилийн бэлтгэл хангуулах чиглэлээр нийслэлийн төлөөлөгчид дүүрэг, хороодод ажиллана

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Энэ жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 290 сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд үүнд 360 гаруй мянган хүүхэд суралцана. Сургуулиудын 156 нь төрийнх бол, 134 нь хувийн хэвшлийнх байгаа юм. Харин 141 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар e-mongolia системээр 80910 хүүхэд бүртгүүлээд байна. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ баталгаажуулсан хүүхдүүдийн бүртгэлээс харахад хоёр настай 18,976 таван настай 19667 хүүхэд байгаа юм. Харин гурав болон дөрвөн настай тус бүр 19 мянга гаруй хүүхэд бүртгүүлснийг Нийслэлийн Боловсролын газрын дарга мэдээллээ. Мөн өмнөх жилүүдэд цэцэрлэгийн насны 34 мянга гаруй хүүхэд гэртээ үлддэг байсныг халах зорилгоор үе шаттай арга хэмжээ авч байгаа бөгөөд одоогоор 28 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олон талт хувилбараар бий болгосон байна. Тухайлбал, цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдаж авах, түрээслэх, хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгох байдлаар сул орон тоон дээр хүүхэд элсүүлэх, орчин үеийн технологи ашигласан гэр цэцэрлэгийг ажиллуулах...зэрэг хувилбарыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс 2022 онд 21 цэцэрлэг, 22 сургууль, 6 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заалыг ашиглалтад оруулах юм байна.  

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангуулахад төлөөлөгчид хамтарч ажиллана гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, сургуулиудын барилга барих, их болон урсгал засварын ажил, мөн боловсролын байгууллагуудын дулаан, цахилгааны бэлэн байдлыг хангуулахад анхаарал тавьж дүүрэг, хороо бүр дээр очиж ажиллан, шаардлагатай бол хариуцлага нэхэж ажиллана гэсэн юм. 

 

Ж.Батбаясгалан: Хичээлийн жилийн бэлтгэл хангуулах чиглэлээр нийслэлийн төлөөлөгчид дүүрэг, хороодод ажиллана
2022-08-18 17:23:20
Шинэ мэдээ
Санал асуулга