О.Цогтгэрэл: Орон нутагт бие дааж хөгжье гэсэн боловч өнгөрсөн зургаан жил ухралт хийлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Газрын багц хуульд завсарлага авсан тухай, Ардчилсан намын бүлгээс намын бүхий л салбар нэгж, гишүүддээ нээлттэй хандаж, хамтарч ажиллах уриалгын төсөл, эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн "Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого" хэсгийн биелэлтийн мэдээллийг тус тус сонслоо. Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Газрын тухай хууль бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох хэмжээний том хууль. Гэтэл боловсруулалт маш муу. Газар чөлөөлөлттэй холбоотой асуудал хэвээр байсаар байна. Хувийн өмчийг хуулиар хамгаална, дээдэлж ажиллана Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн байж болох заалтууд байна. Мөн орон нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээний тухай, түүнчлэн бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг огт хөндөөгүй байсан. Иймд манай бүлэг тав хоногийн завсарлага авсан” гэв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тав дахь долоо хоногтоо асууж буй МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтээс Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого хэсгээс “Улсын хэмжээнд нэг ч жишиг сумын төсөл хэрэгжүүлээгүй. Мөн 21 аймагт 5000 түрээсийн орон сууц барина гэсэн. Энэ төсөл мөн л хэрэгжээгүй. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ гэсэн ч 2016 оноос хойш ИТХ, Иргэдийн нийтийн хурал хэлбэр төдий байх эсэх нь ч эргэлзээтэйболсон. Иргэдийн хурал Засаг даргаа томилдог байсан бол сая Ховд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайдын саналаар өөрчилсөн. Санхүүгийн эрх мэдлийн хувьд 21-ээс зургаахан аймаг л бие даасан байна. Бусад нь татаас авдаг. Газрын хуулиас эхлээд УИХ-д шинээр хэлэлцэж буй хууль бүхэнд орон нутагт ажиллаж байгаа газруудыг босоо тогтолцоотой болгож, төвөөс, яамдуудаас томилно гэж тусгаж байна. Бид 1990-ээд онд төвлөрсөн эрх мэдлийг задалж, орон нутагт бие дааж хөгжье гэсэн боловч өнгөрсөн зургаан жил ухралт хийлээ. Аймаг бүрт "Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн боловч мөн л хэрэгжээгүй. Урагшлалт биш асар их ухралт хийж байна. Түгжрэл, утаа гэх мэт олон асуудлыг МАН шийдэж чадсангүй. Эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэн эргэн нэг харж, дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байгаагаа бүлгийн дарга онцоллоо.

 


О.Цогтгэрэл: Орон нутагт бие дааж хөгжье гэсэн боловч өнгөрсөн зургаан жил ухралт хийлээ
2022-11-28 17:03:16
Шинэ мэдээ
Санал асуулга