УИХ-ын тухай хуулийн дагуу парламентад 8-аас дээш суудалтай улс төрийн намын бүлэг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж томилуулах бүрэн эрхтэй байдаг. Энэ дагуу УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан ХНХ-ын сайдаар томилогдсон тул МАН-ын бүлгээс нэр дэвшигчийг өнөөдөр Удирдах зөвлөл нь тодруулсан. УИХ дахь МАН-ын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргад дэвшүүлж дэмжсэнийг УИХ-ын үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томиллоо. Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа Хөвсгөл аймгаас сонгогдон ажиллаж байгаа гишүүн. Томилогдсоныхоо дараа тэрбээр "Миний бие өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүдийнхээ дэмжлэгийг авч, Улсын Их Хурлын дэд дарга хэмээх эрхэм хүндтэй, хариуцлагатай албанд сонгогдлоо.
Улсын Их Хурлын үндсэн зорилтийг чандлан хэрэгжүүлж, ард түмний засаглах эрхийг хангах ажилд идэвх зүтгэл, сэтгэл гарган шударга ёс, тэгш байдал, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд манлайлан, төр, түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахаа илэрхийлье" гэж бичжээ.
УИХ-ын дэд даргаар Л.Мөнхбаатарыг томиллоо |
|