Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв

 Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. Уг зохицуулалтаар Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүргийг хүлээн ажиллах юм. Засгийн газрын гишүүн холбогдох хууль, журмын дагуу “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөдөг.  

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүн бүр тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авсан. Холбогдох журамд заасны дагуу дараа нь тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурсан. Энэхүү тангаргийн бичгээ Улсын Их Хурлын даргад гардуулсных нь дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Засгийн газрын бүх гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Тангараг өргөх ёслолын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд хандаж үг хэлсэн. Тэрбээр гүйцэтгэх засаглалын дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар томилогдсон сайд нарт Улсын Их Хурлын гишүүд, нийт монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсэв. Энэ танхим ахмад, дунд, залуу үеийг багтаасан, шинэ үеийн, мэдлэг туршлагатай, мэргэжлийн Засгийн газар гэдгийг дурдаад “Дөрвөн эмэгтэй сайдтай Засгийн газар анх удаа бүрдлээ” хэмээн онцоллоо. Түүнчлэн төрийн үйл хэргийн залгамж чанараа хадгалан Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь үргэлжүүлэн ажиллаж байгааг тэмдэглээд, уламжлал, шинэчлэлийг хослуулж ажиллах бодлогын илрэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

 

 Үргэлжлүүлэн тэрбээр “Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Төрийн сүлдэндээ, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд тангараг өргөлөө. Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол эх орон, нийт ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэж, Үндсэн хууль, хуулиа дээдэлж, авлигал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, чин шударгаар ажиллахыг хүсэн ерөөе. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Та бүхэн Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Ардын засгийн төрийн сайдаар томилогдож байна. Яг 100 жилийн өмнө Ардын засаг анх байгуулагдаж, төрийн сайдыг тохоон томилохдоо “Эрх биш, ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх бөгөөд олны тусыг бодох, өөрийн эрхэлсэн хэрэг явдлыг магадаар бүтээж чадах, баяд, ноёд, ураг төрөлд нүүрчлэхгүй, ховдог, шунахай, авлигач бус, бичиг үсэгт боловсронгуй байх” гэсэн дөрвөн шаардлага тавьж байсан юм билээ. Энэ зарчим шаардлагад 100 жилийн ойгоороо нийцэж, зөвхөн нийгмийн сүлжээний шуугианаар бус, олон түмний санал бодолд нийцсэн, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй цаг үе тохиогоод байгаа.

    Өмнөх Засгийн газар ёс суртахуун, сахилга хариуцлагын шинэ хэм хэмжээг тогтоосон. Шударга ёс, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэнээ дээдэлсэн засаг байх чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээг тууштай үргэлжлүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

    Төрийн хууль биелүүлэх ажлыг Засгийн газрын гишүүн бүр төр, ард түмний өмнө хариуцана гэдгийг Улсын Их Хурлын дарга цохон тэмдэглээд “Тиймээс хуулийн хүрээнд ажиллах, зөв бодлогоо дэвшүүлэх, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх, алсын хараатай Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх нь үндсэн үүрэг байх болно. Улсын Их Хурал Та бүхний ажлыг бүх талаар дэмжиж, бас шаардлага тавьж, шахаж, шалгааж ажиллах болно” гэсэн юм.  

 


Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв
2021-01-29 22:10:00
Шинэ мэдээ
Санал асуулга