Үндсэн цэс
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ танилцуулсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрынхаа дөрвөн бодлого, зорилтыг танилцуулсан юм. Түүний хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг сонирхуулъя.
ЗОРИЛТ 1. Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө
-Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.
ЗОРИЛТ 2. Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө
-Бид цаг алдаж болохгүй. Давс мэт шорвог шийдвэрүүд эдийн засагт хийгдэхээс өөр гарцгүй. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг уул уурхайн салбар хүчтэй байх үед нь амжиж шийдэл гаргах учиртай.
-Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана.
-Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана.
-Засгийн газрын тэргүүний хувьд "Алсын хараа 2050" бодлогод тулгуурлан эдийн засгийн дараах салбаруудыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжих болно.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ.
-Бахархам түүх, баялаг соёлынхоо өв уламжлалд түшиглэн бүтээлч эдийн засгийн салбарыг хөгжүүлнэ. Соёлын яамны менежментийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэлхийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилтыг дэвшүүлнэ.
-Ширээний ард хурал хийх биш, самбарын өмнө шийдэл ярилцах Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно.
-Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно.
-Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.
ЗОРИЛТ 3. Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо
-Манай Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд "Залуус 1, 2, 3 хороолол"-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно.
-Монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар, их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх зэрэг асуудлыг онцгой анхаарна.
-Буяны тарга гэдэг уламжлалт буруу ойлголтоо засч, хайртай хүмүүсээ хорхогоор дайлахаа больж, жингийн илүүдэлтэй тэмцэх үндэсний соёлыг хамтдаа бий болгох цаг болжээ.
ЗОРИЛТ 4. Шударга ёс, цахим засаглал
-Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно.
-Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно.
-Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ. "E-Мongolia" цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулаагүй авч үлдсэн албан тушаалтанг авлигыг дэмжиж байна хэмээн үзэж, хариуцлага тооцох болно. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90% хүртэл хийх болно. Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна.
-Намайг Ерөнхий сайд боллоо гээд бэлэг барьж ирэх хэрэггүй.
-Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд манай Засгийн газар дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагынхантай нягт хамтран ажиллана.
-Бүхэл бүтэн Засгийн газар төрийн албан хаагчийн сэтгэлгүй, хариуцлагагүй үйлдлээс болж өмнөөс нь ёсзүйн хариуцлага хүлээж огцорсон гэдгийг шат шатны төрийн албан тушаалтнууд хэзээ ч битгий мартаарай. Цаашид төрийн алба шат шатандаа хариуцлага хүлээдэг, ёсзүйтэй, хүнлэг, сахилга баттай байж, гүйцэтгэлд тулгуурлан үнэлэгддэг байх соёлыг нэвтрүүлнэ.
-Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн солбилцолд, “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого хэрэгжиж эхлэсэн эхний жил Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байгааг түүхэн хариуцлага хэмээн хүлээн авч байна.
-Дахин хэлэхэд манай Засгийн газар магадгүй өнөөдөр давс мэт шорвог ч, хожмын Монгол Улсын хөгжилд түүхэн хуудас болохоор хүндхэн шийдвэрүүдэд төвлөрөн ажиллах болно. Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршдог гэдэг. Монгол Улсын маргаашийн төлөө, өнөөдрийн үе ачаагаа үүрч, хариуцлагаа хүлээх ёстой.
32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн онцлох 20 ишлэл |
2025-04-11 16:43:31
2025-04-11 16:41:48
2025-04-11 16:36:43
2025-04-11 16:34:53
2025-04-11 10:28:06
2025-04-11 10:25:56
2025-04-11 10:16:54
2025-04-11 10:14:58
2025-04-11 10:13:24
2025-04-10 17:37:23