Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  (2023.01.30) Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж, хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэж ажиллах талаар зарим чиглэлийг өглөө.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл, гомдол гаргаад байна. Улсын Их Хурал, Засгийн газраас нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа эдгээр асуудлыг шуурхай шийдэх, иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай. Иймээс Улсын Их Хурлаас Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ж.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсгүүдийг байгуулсан” хэмээгээд төрийн байгууллагууд мэдээллээ нэгтгэх, уялдаа холбоогоо сайжруулахад анхаарч ажиллахыг сануулав.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим. Нийгмийн шударга ёсны зарчим гэдэг нь хүн бүр нийгмийн гарал үүсэл, эсвэл хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн шаардлага юм. Хүүхдийн мөнгө бол халамж биш.

Сангийн яам төсөв өргөн барихдаа хүүхдийн мөнгийг халамжийн төрөл, тэтгэмж гэж оруулсан. Төсвийн хуулийг хэлэлцэх явцад салбарын яамд өрхийн орлогыг бүртгэх мэдээллийн санг бүрдүүлсэн гэж байсан ч мэдээллийг зөрүүтэй байдал гарч, хүндрэл дагуулсан. Тиймээс хүн амын мэдээллийн сан, халамжийн мэдээллийн сан, улсын бүртгэлийн мэдээллийн санг нэгтгэж, бодит мэдээллийн эх сурвалжтай болж, хуульд нийцүүлэн иргэдэд чирэгдэлгүйгээр хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв.

Мөн Хувь хүний орлогын албан татварын хуулиар татварын шаталсан тогтолцоотой болж байгаа. Гэтэл уг тогтолцоо нь татварын тэгш, шударга байх зарчимтай нийцэж байгаа эсэхэд иргэд шүүмжлэлтэй хандаж байгааг хэллээ.

Монгол Улсын хувьд 2007 он хүртэл шаталсан татварын тогтолцоотой байсан. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг дагаад орлогын ялгаа нэмэгдэх хандлагатай болсон учраас татварын тэгш, шударга байдлыг хангах зорилгоор шаталсан татварын тогтолцоог хуульд оруулсан. Дэлхийн олон улс шаталсан татварын тогтолцоонд шилжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Латви, Литви, Чех зэрэг улс шаталсан татварын тогтолцоо руу эргэж шилжсэн байна. Одоогийн байдлаар дэлхийн 190 гаруй улсаас 18 улс шаталсан татварын тогтолцоонд шилжээгүй байгааг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн танилцууллаа.

Тэрбээр, “Хуулийн өөрчлөлтөөр бол сарын арван сая төгрөгөөс дээш хөдөлмөр эрхлэлтийн орлоготой хүмүүсийн ажил олгогчоос суутгадаг татварын тухай энэ асуудал яригдаж байгаа. Сард арван саяас дээш цалингийн орлоготой хүмүүсийн хувьд арван саяас давсан хэсэгт нь 15 хувийн татвар ногдуулах өөрчлөлт орсон. Олон нийтийн сүлжээнд иргэдийн банкны дансны орлого, дансны гүйлгээнээс авна гэх мэт өөр утгатай тайлбар явагдаж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл. Банкны гүйлгээнээс татвар авах тухай хууль байдаггүй, ийм хуулийн талаар хаана ч яригдаагүй. Энэ бол ташаа мэдээлэл.

Энэ хуулийн босгыг тогтоохдоо бид нэлээн тооцоо судалгаа хийсэн. Нийт иргэдийн 99.9% нь энэ татварт хамаарахгүй. Зөвхөн 1300 орчим хүний л асуудал яригдаж байна. Эдгээрт банк санхүүгийн байгууллага, уул уурхайн салбарт удирдах албан тушаал хашдаг иргэд, гадаадын өндөр цалинтай техникийн ажилчид дээр хамаарч, яридана. Үүнд хувиараа бизнес эрхлэгчдийн бизнесийн орлого хамаарахгүй. Мөн хадгаламжийн хүү буюу банкнаас орж ирж буй хүүгийн орлого хамаарахгүй. Зөвхөн ажил олгогчоос ажилтанд олгодог хөдөлмөр эрхлэлтийн орлогын хүрээнд яригдах асуудал. Үүний зэрэгцээ шаталсан татварын хөнгөлөлтийг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, орлого багатай иргэдийн татварын хөнгөлөлт өндөр, орлого нэмэгдэх тусам татварын хөнгөлөлт буурдаг” гэлээ.

Харин Татварын ерөнхий хуульд орсон хувь хүний дансны мэдээллийг татварын байгууллага шууд авдаг болсон өөрчлөлтийн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өгсөн хариултдаа, “Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахдаа татварын төлөгчийн банкны мэдээллийг татварын зорилгоор ил тод болгож, харилцан солилцох амлалт өгсөн. Үүний дагуу 2019 онд хийсэн татварын багц хуулийн шинэчлэлд уг заалтыг тусгасан. Татварын эрсдэлтэй холбоотойгоор татвар төлөгчийн мэдээллийг зөвхөн Татварын ерөнхий газрын нууцын баталгаа гаргасан эрх бүхий 32 албан хаагч тухайн банкны мэдээллийг үзэж, ажиллах журамтай. Энэ хүрээнд байгууллагадаа мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO27001 стандартыг нэвтрүүлээд ажиллаж байна. Татварын эрсдэл үүсэж болзошгүй, татвараас зугтах зайлсхийх үйлдэл гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн мэдээллийг авах хүсэлтийг тухайн банканд гаргаж, ажлын хэрэгцээнд ашиглаж байна. Уг авсан мэдээлэлтэй эрх бүхий 32 албан хаагч л танилцаж, судалгаа шинжилгээний зорилгоор албан хэрэгцээнд ашигладаг” гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооноос дэд ажлын хэсэг байгуулж, УИХ-ын ажлын хэсэгт мэдээллийг шуурхай өгөх, хаврын чуулганаас өмнө хуулийн хийдэл, давхардлыг арилгах шаардлагатай хуулийн төсөл боловсруулахыг чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна
2023-02-01 12:45:39
Шинэ мэдээ
Санал асуулга