Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олон шалгарлаа.  Энэ жил 21 аймгийн 170 сумын 195 багаас улсын аварга малчинд 208, Улсын хошой аварга малчинд 20, улсын аварга саальчинд 10, улсын аварга фермерт 12 нийт 250 хүнийг тодорхойлон ирүүлсэн. Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер шалгаруулах журмын 34 шалгуур үзүүлэлтийн дагуу орон нутгаас ирүүлсэн малчдыг шалгаруулж, тус журмын шаардлагыг хангаж хамгийн өндөр оноо авсан 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, зургаан саальчныг улсын аварга саальчин, есөн фермерийг улсын аварга фермерээр шалгарууллаа.
Мөн 2022 онд тариалангийн салбарт гаргасан ажлын амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж амжилтаараа тэргүүлсэн 12 аймгийн нийт 14 аж ахуйн нэгж, 32 иргэний тодорхойлолт, ажлын амжилтын үзүүлэлтийн талаарх материалыг хүлээн авч журмын дагуу шалгаруулж, 12 шилдэг аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор, 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгарууллаа.
 
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлнэ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхтэй холбогдуулан ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д даалгалаа.
 
2023 онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
 
Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.  
            Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500.0 (таван зуу) хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.
            Ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэлийн болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор экспортын гэрээ болон агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалж экспортын зээл авах, экспортын даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг туршин нэвтрүүлэх, мөн үйлдвэрлэгчдэд олгох зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13.0 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх зэргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нар даалгалаа.   
 
Товч мэдээ

·      Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмыг баталлаа. Тус журам нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулан бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм.
·      Тариалангийн бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын тогтоол нэмэлт оруулж, Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг, Зүүнтуруун баг, Давст сумын Хандгайт, Торхилог баг, Зүүнхангай сумын Даланбулаг, Жаргалант баг, Малчин сумын Баянмандал, Баянхайрхан баг, Өндөрхангай сумын Цалуу баг, Сагил сумын нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар баг, Тариалан сумын Хөхөө, Хархираа, Тарвагатай, Бургастай баг, Түргэн сумын нэг, хоёрдугаар баг, Тэс сумын Нурагт баг, Хяргас сумын Хангай багийг нэмлээ.
·      Боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2023 оны нэгдүгээр сараас 2024 оныг дуусталх хугацаанд экспортод гаргана.


Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа
2023-02-08 16:25:31
Шинэ мэдээ
Санал асуулга