Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нэгдсэн хуралдаанаар дараа нь Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг салбарын хөгжлийг дэмжих урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж яаралтай горимоор батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм байна.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, салбарын үйлдвэрийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот, суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах бодлогыг хэрэгжүүлдэг. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа таримал ургамлын үр, суулгац, сортын үрийг үржүүлэх, ургамал хамгааллын бодис, бордоо, шатахууны импортын худалдаа, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дилерийн болон түрээсийн үйлчилгээ, засвар, сэлбэг хэрэгслийн худалдаа, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ зэрэг ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоонд шилжүүлж, өөрийгөө санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Цаашлаад хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн орлого нэмэгдүүлэх, тэдгээрийн зах зээлийн бодит эрэлт, хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, шударга, хүртээмжтэй хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологитой уялдсан тасралтгүй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ.

 

 

Энэхүү төрийн өмчит корпорац нь Компанийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, улсын төсөвт учруулж буй өрийн дарамтыг бууруулах, хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох зэрэг олон эерэг үр дүн үзүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн таримал ургамлын үр, сорт, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун, газар тариалангийн тоног төхөөрөмж, усалгааны багаж хэрэгслийг хямд үнээр тариалалтын технологийн хугацаанд нийлүүлнэ гэдгийг Х.Болорчулуун сайд танилцууллаа. Мөн үйлдвэрлэлийн менежментийг сайжруулан шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх, буудайн хадгалалтын нөхцөл сайжрах, цаашлаад үр ашиг нэмэгдэнэ гэж тооцож байна. Иймд дээр дурдсан ач холбогдлыг харгалзан Засгийн  газрын тусгай сангийн тухай хуулийн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон уг санг эшилсэн бусад заалтуудыг хасах замаар Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгах Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааг өөрчлөн “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит компани болгохыг дэмжиж буйгаа Н.Энхболд гишүүн илэрхийлээд, шинээр байгуулагдах компанийн удирдлага, зохион байгуулалтын талаар тодрууллаа. Тус сан төвдөө өдгөө 40-50 орон тооны ажилтантай, орон нутгуудад салбартай, өөрчлөн байгуулагдах тохиолдолд Компаний тухай хуулийн дагуу зохион байгуулагдах бөгөөд цомхон, чадварлаг бүтцээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Х.Болорчулуун сайд хэллээ. Компанийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох талаар ажлын хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн өнөөдрийн байдлаар тус сангийн өр, авлага, активын талаар, Д.Өнөрболор гишүүн хуулийн төслийн үндэслэлийн талаар тодруулж, ажлын хэсгээс тус тус хариулт авав. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бие даасан үйл ажиллагаа явуулах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжгүй, төрийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд эдийн засгийн үр ашгаас илүүтэй нийгмийн үр өгөөжийг чухалчилсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгээс санхүүгийн хувьд цаашид хэвийн ажиллах боломжгүй байдал хүрсэн болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариулаад “Иймээс тус сангийн эрх зүйн байдал, өмчлөлийн хэлбэрийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, үүссэн нөхцөл байдалтай уялдуулж өөрчлөх шаардлага үүссэн. Эдийн засгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулснаар хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох, ашигтай ажиллах, хөрөнгийн ашиглалт сайжрах, улсын төсөвт учирч буй өрийн дарамт буурах зэрэг үр дүн гарна хэмээн тооцсон” гэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нар асуулт асууж, хариулт авсан. Өмчлөлийн хэлбэрийг өөрчилснөөр бизнес, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж, улмаар үр ашигтай хөшүүргийн бодлогыг хэрэгжүүлэн авлага барагдуулалтыг нэмэгдүүлснээр байгууллагын санхүүгийн чадвар сайжирна хэмээн тооцсон болохоо Х.Болорчулуун сайд тайлбарлалаа. Байгууллагын санхүүгийн чадвар нэмэгдснээр улсын төсөвт учирч буй өрийн дарамтыг бууруулах ач холбогдолтой юм байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох, санхүүгийн эх үүсвэрийн нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэхийн сацуу олон улсын ижил төстэй үйл ажиллагаа бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, дэвшилтэт техник, технологи, арга барилыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой хэмээн тооцсон байна.

Гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн 3 хүртэл, эсрэг байр суурьтай 3 хүртэл гишүүн үг хэлэх хуулийн зохицуулалттай бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийг хэлэлцэхийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн салбарт гүйцэтгэж байсан чиг үүргийг тус ТӨХК гүйцэтгэх асуудлыг шуурхай шийдвэрлэх шийдвэрийг хамт гаргах нь шаардлагатай хэмээн холбогдох тайлбарыг хэлсэн юм. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг дахин байгуулах шаардлагагүй гэдэг Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэртэй зөрчилдөж буй төслийн зохицуулалтыг дэмжихгүй байгаа гэдгээ Ш.Адьшаа гишүүн илэрхийлэв.

Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 49 гишүүний 57.1 хувь нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.


Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2023-03-23 14:09:58
Шинэ мэдээ
Санал асуулга