МАН-ын бүлэг: Сонгуулийн тухай хуулиар зардал бууруулна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.03.27/ хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцаж, гишүүд саналаа хэллээ. Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, Ж.Батжаргал, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцлээ. УИХ-ын даргын захирамжаар тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн Үндэсний нам буюу парламентад суудалтай гурван намын төлөөлөл ажлын хэсэгт багтаж ажиллаад, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 21.4 дэх хэсэгт зааснаар сонгууль явуулахаас нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэж заасан байдаг. Үүний дагуу 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлах учиртай. Иймд тус хуулийн төслийг боловсруулж, өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө дараах үндсэн таван саналыг дэвшүүлж байгаа. Үүнд,
нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэдэгт УИХ-д суудалтай намын бүлгүүд санал нэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн 50 хувийг мажоритар системээр сонгож, үлдсэн 50 хувийг пропорцианаль буюу намын жагсаалтаар сонгуульд нэр дэвшихийг холимог систем гэж нэрлэж байгаа. Холимог системийн дагуу сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн зардлыг бууруулж, хямд зардлаар сонгууль зохион байгуулах ёстой гэж үзсэн. Ингэхдээ зурагт самбар, ухуулагч шадар туслахуудын тоог цөөлөх зэргээр сонгуулийн зардлыг бууруулах ёстой гэж үзэж байна.
Гуравдугаарт, УИХ-ын сонгуулиар гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн саналыг авах талаар хуулийн төсөлд тусгаж байгаа.
Дөрөвдүгээрт, Пропоцианаль системээр сонгуулийг зохион байгуулахад улс төрийн намуудын босго тогтоодог. Улс төрийн намуудын санал авах босгыг 2012 онд таван хувь байсныг бууруулж, гурван хувь болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Тавдугаарт, Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн хүйсийн эзлэх 20 хувийг 30-аас доошгүй болгож нэмэгдүүлэх заалтыг оруулахаар тусгасан. Эдгээр таван томоохон агуулгыг Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд нэмж тусгахаар хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанд Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож тодорхой мэдээлэл өгсөн. Сонгуулийн тухай хуулийг Засгийн газраас энэ долоо хоногт багтааж саналаа ирүүлбэл, ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина” гэв.

МАН-ын бүлэг: Сонгуулийн тухай хуулиар зардал бууруулна
2023-03-27 16:33:56
Шинэ мэдээ
Санал асуулга