“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат 2023 оны 12 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд болж дууслаа. Энэ үеэр Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр эхний сонсголыг хааж дараах үгийг хэллээ.
Б.Энхбаяр:Түр хорооны эрхэм гишүүд ээ, Хянан шалгах Түр хорооны өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 12 багц асуудлаар Хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгууллаа. Өнөөдрийн сонсголд нийт 61 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлснээс нийт 40 гэрч буюу 65.6 хувь хүрэлцэн ирж оролцлоо.
Ийнхүү нотлох баримтыг шинжлэх судлах сонсголын нэг дэх үе шат өндөрлөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор Хянан шалгах Түр хороог байгуулж, хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэн эхний үе шатны нээлттэй сонсголыг хийж, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн 1,2 дугаар суваг, “Тэнгэр” телевиз, TV8, TV9 телевизүүд 4 өдрийн турш та бүхэнд хүргэлээ.
Хяналт шалгалтын Түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын 1 дэх үе шатанд Хянан шалгах Түр хорооны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан нотлох баримтыг шинжлэн судлах дарааллын дагуу нийт 28 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд сонсголд Түр хорооны гишүүд, шинжээч, уригдсан албан тушаалтнууд болон гэрчүүд оролцлоо.
Нийт давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 гэрч буюу 80.4 хувь хүрэлцэн ирж оролцсон байна.
Энэ удаагийн нээлттэй сонсголоор бид дараах сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалж танилцууллаа. Үүнд,
1. Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа худалдан авалтын үйл ажиллагаа
2. Тавантолгой ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ
3. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл
4. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд 2011-2023 оны гэрээт олборлогч компаниуд болон бусад худалдан авагч
Хоёр дахь шатны нээлттэй сонсголыг 2023 оны 12 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд дараах сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалж та бүхэнд танилцуулна.
1. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа
2. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа,
3. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт,
4. Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүжүүлсэн бусад төслүүд,
5. Эрдэнэс Тавантолгой ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ
6. Хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудал, энэ хүрээнд нүүрс тээвэрлэлтийн компани, хил гаалиар орж гарсантай холбоотой асуудлыг “жижиг” Тавантолгой компани, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн асуудлыг нэгтгэж танилцуулна.
Түр хороо даваа гарагийн 11 цагт хуралдаж, 2 дахь сонсголтой холбоотой дуудагдах гэрчүүдийн нэрсийг тогтоолоор баталж, олон нийтэд танилцуулна.
Нүүрсний сонсголд 221 гэрч буюу 80.4 хувь нь оролцжээ |
|