БСШУ-ы байнгын хороо 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар оролцов.

2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 6 удаа хуралдаж, давхардсан тоогоор 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 7 ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгүүд 8 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга 1-ийг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл 6-г хэлэлцэн баталж, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 16, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 2-ыг хэлэлцэж, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт 4, анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт 2, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 1, зарчмын зөрүүтэй 27 саналын томьёоллыг бэлтгэн гаргаж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль 8-ыг Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн ажлын хүрээнд “1990-2020 оны Монгол Улсын улс төрийн тогтолцоо, улс төрийн харилцаан дахь алдаа, оноо”-ны асуудлаар судалгаа хийж, аналитик тойм бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажилласан. Мөн  Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны хэрэгжилтийг хангах тухай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн намрын чуулганаар Музейн тухай хуулийг Монгол Улсад анх удаа баталснаар цаашид орчин цагийн музей хөгжих чухал ажил болсон. Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Ингэснээр Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах боломжийг бүрдүүлж буйгаа онцлог юм. Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, аяныг зохион байгуулсан. Боловсролын шинэчилсэн тухай багц хуулийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, өргөн барихад бэлэн болоод байна гэлээ.


БСШУ-ы байнгын хороо 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ
2021-02-04 15:25:01
Шинэ мэдээ
Санал асуулга