Ерөнхийлөгч Х.Баттулга: Цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм. “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.

 “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулна

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд “Салхитын алт, мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна. Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.“Салхитын алт, мөнгөний орд” нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга: Цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий
2021-02-07 16:06:08
Шинэ мэдээ
Санал асуулга