Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны дэг ёсоор хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш..Адьшаа, Ч.Хүрэлбаатар, А.Адъяасүрэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн нар Засгийн газраас 2023 оны хавар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, дэмжиж өгөхийг уриаллаа. Гишүүдийг үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг хойшлуулах талаар олон мянган иргэдийн гарын үсэг бүхий хүсэлт, 156 албан бичиг Улсын Их Хуралд ирсэн, Улсын Их Хурал ард түмний төлөөллийн байгууллага учраас ард иргэд эсэргүүцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна. Уг хуулийн төслийг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Бүсчилсэн хөгжлийн тухай хууль зэрэг бусад хуультай уялдуулж, хамтатган хэлэлцэх зорилгоор хойшлуулах зарчмын саналыг парламентад суудалтай улс төрийн намын дарга нар гаргасан гээд эрхэм гишүүдийг үндэсний язгуур эрх ашиг, Үндсэн хуульд өргөсөн тангаргаа дээдэлж ажиллахыг уриалав.

Үүний дараа Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн хэлэлцсэн талаарх Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулан хэлэлцүүлж, улмаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг  хэлэлцсэн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор уншиж танилцуулав. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Сангийн яаманд ажиллаж байсан, ажлын туршлагадаа тулгуурлан сануулах зүйл байна. Манай бүс нутагт хөрөнгө оруулалт байхгүй, хөрөнгийн зах зээл сайнгүй нөхцөл байдалтай энэ цаг үед бондын зах зээлийг нээх нь эрсдэлтэй, хууль батлах нь зохисгүй. Бонд гаргаад, эргэн төлж чадахгүй бол Засгийн газар дуудагдана, цаашлаад дампуурч мэднэ гээд, урьд өмнө нь зураг, төсөлгүй эхлүүлсэн алдаатай жишээнүүдийг дурдаж, санууллаа.

 

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл үр дүнгүй хөтөлбөр батлах вий гэдэгт болгоомжилж байгаагаа илэрхийлж, өмнөх бондууд хэр үр ашигтай байсныг тодруулав. Ажлын хэсгээс Улаанбаатар хотод нийт 60 га газрыг чөлөөлж, орон сууцжуулахаар төлөвлөсөн тухай мэдээлэл өгч, тайлбарлалаа. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрөх тухай уг төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал орон сууц барих нь утааг бууруулахтай холбоотой асуудал байтал түгжрэлийг бууруулна гэжээ, асуудалд ул суурьтай хандмаар байна гэхэд, Улсын Их Хурлын гишүүн, сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний Хорооны дарга Б.Дэлгэрсайхан, бидний төлөвлөж оруулж ирсэн зүйлийг албаар гуйвуулж байна, дэмжлэг авч байж, ажил урагшилна гэсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бүрийг Улсын Их Хурал баталж байгаа. Цар тахал, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед яаралтай горимоор шийдээд явуулдаг. Гэтэл сайжирсан зүйл харагдахгүй байна. Үнийн өсөлтийг бууруулах хуулийн хэрэгжилт хаана байна? Хэзээ сайд нар Улсын Их Хурлын гишүүдийг загнадаг болчихсон юм. Орон сууц барьснаар түгжрэл буурахгүй хэмээн хуралдаан даргалагч Г.Занданшатар хэлээд, хэлэлцүүлж буй хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.8 хувийн саналаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг баталлаа.

Харин дараа нь Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг хөнджээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Ц.Анандбазар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, М.Оюунчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын даргын зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийг иргэдэд өгөөжтэй байлгахын тулд нээлттэй болгох учиртай гээд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай оруулж ирэх чиглэл өгөв. Ийнхүү хэлэлцсэний эцэст санал хураалт явуулж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг 69.8 хувийн саналаар баталлаа. Уг тогтоолд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр тусгажээ. Харин хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргахгүй, тухайн компанийн эрх бүхий албан тушаалтны шийдэх асуудал болохыг Ажлын хэсэг онцолж байлаа.

Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан юм. Анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь дэмжиж, мөн 56.6 хувийн саналаар төсөл батлагдлаа.

Энэ өдрийн хуралдаанаар “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Уг асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.7 хувь нь дэмжиж, төслийг баталлаа.

Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд хийсэн автобус худалдан авах ажиллагааг Төрийн болон албаны нууцад хамааруулан гэрээ шууд байгуулсан үндэслэл, шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлаас “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулж, хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн уншиж танилцууллаа.

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт, шалгалт” хийх Түр хороо нь худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай эсэх; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэх, нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах гэсэн дөрвөн чиглэлээр ажиллана. Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд тусгай шалгалтын тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулах үүрэг хүлээх юм. Түр хороо байгуулж буй явдлыг улс төрийн зоримог шийдвэр хэмээн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар дэмжиж үг хэлэв. Тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад 66.7 хувийн санал авч, төслийг баталлаа.

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Т.Аубакир, Д.Сарангэрэл нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Үндэсний зөвлөлд үүссэн эмх замбараагүй байдал, ажлаа цалгардуулж, талцсан нөхцөлтэй байгааг, мөн өдөр Улсын Их Хурлын төлөөллийг очиж ажиллах үед ажлаа орхин зугатсан, ажилтнуудын цалинг тавьж чадахгүй, уран бүтээлч уур амьсгал эвдэгдсэн, талцсан талаар мэдээлсэн юм. Энэ бүхэн нь цаашид уг Зөвлөлийн гишүүдийн томилгоог эргэн харах, хариуцлага тооцох, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага урган гарч байна гэв. Олон жилийн ажлын туршлагатай уран бүтээлчдийн багт буруу байхгүй. Түүнчлэн үндэсний эв нэгдлийг эрхэмлэх, соён гэгээрүүлэх чиглэлд тэнцвэртэй мэдээллээр олон нийтийг хангахад чиглэж ажиллахыг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Нанзаддоржид захилаа. Гишүүдийг үг хэлсний дараа Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Жавзандоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлье гэсэн саналын томъёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ.


Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа
2024-01-18 17:14:57
Шинэ мэдээ
Санал асуулга