ХЗБХ: Намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 29 хууль, УИХ-ын найман тогтоол хэлэлцэж, батлуулав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн  Ж.Сүхбаатар, Ц.Сэргэлэн, Д.Цогтбаатар нар оролцов.

    Хууль зүйн байнгын хороо 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын болон дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж холбогдох санал, дүгнэлт гаргажээ. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 18 удаа хуралдаж, 28 санал, дүгнэлт, дөрвөн танилцуулга, зарчмын зөрүүтэй 235 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Нийт 29 хууль, Улсын Их Хурлын найман тогтоол батлуулсан, хэлэлцүүлгийн шатанд найман төсөл  байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэн, батлуулахаар ажиллаж байгаа хэмээн Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийн бага хурлын эхэнд танилцуулав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 10 ажлын хэсэг байгуулан 37 удаа хуралдаж, 8 танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 3 дүгнэлт, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 1 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргажээ.

    Хууль зүйн байнгын хороо шүүх, шүүгчийн хараат бус байдлын асуудлаар буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн талаар тасралтгүй 18 цаг орчим хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу анх удаа төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар мэтгэлцээн явуулсан онцлогтой гэдгийг С.Бямбацогт гишүүн хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв.  


ХЗБХ: Намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 29 хууль, УИХ-ын найман тогтоол хэлэлцэж, батлуулав
2021-02-09 10:19:06
Шинэ мэдээ
Санал асуулга