Ж.Сүхбаатар: Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг ойлгомжтой байдлаар тайлбарладаг болно

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 2012 онд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн талаарх санал, шүүмжийг шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж шударга шүүхээр шүүлгэх эрх баталгаажиж, шүүгч хэргийг хянан шийдвэрлээд шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг ойлгомжтой байдлаар тайлбарладаг болох юм байна. Түүнчлэн шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг, цуцалдаг, иргэдэд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Мөн шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус байдлыг хангах болон шүүгчтэй сахилгын хариуцлага тооцох асуудлаар тогтолцооны өөрчлөлт хийсэн болохыг Ж.Сүхбаатар гишүүн мэдээлэл өглөө.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлд заасан шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцруулах агуулга бүхий зохицуулалтад нийцүүлэн шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд нэг бүрчлэн тодорхой тусгаж, шүүгчийн сахилгын зөрчилд хаалттай, нээлттэй хэлбэрээр сануулах, цалинг тодорхой хугацаа, хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах гэсэн таван төрлийн шийтгэлээс зөрчлийн шинж, хэр хэмжээг харгалзан оногдуулахаар тодорхойлж, тухайн зөрчилд тохирсон шийтгэл оногдуулдаг болж байгаа юм байна.

    Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан талаарх зохицуулалтыг Ж.Сүхбаатар гишүүн онцоллоо. Тодруулбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулсан гэдгийг дэлгэрэнгүй мэдээлсэн.

    Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд ингэснээр хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулах юм байна.

    Харин бүх шатны шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байх Үндсэн хуулийн зохицуулалт хэвээр байгаа гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн мэдээллийнхээ үеэр онцолж байв. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг байсныг өөрчилж, нийт бүрэлдэхүүний 50 хувийг шүүгчид чуулганаараа сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурлаас томилохоор хуульчилсан байна. Хууль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр зохион байгуулалтын олон ажил эхлэх бөгөөд шүүхийн шударга тогтолцоотой болохын төлөө Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо тухай бүр олон нийттэй нээлттэй, ил тодоор хамтран ажиллах болно гэдгийг тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд хэллээ.


Ж.Сүхбаатар: Шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг ойлгомжтой байдлаар тайлбарладаг болно
2021-02-09 10:59:12
Шинэ мэдээ
Санал асуулга