Танилц: Үндэсний баялгийн сангийн тухай хууль

Өнгөрөгч баасан гаригт УИХ олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг эцэслэн баталлаа. Энэ хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлага юу байв?

Олон улсад 176 баялгийн сан бий

Сүүлийн 30 орчим жилийн хугацааны үзүүлэлтээс үзвэл Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байлаа. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлсэн байна.

Монгол Улс өнөөг хүртэл байгалийн баялгийн үр өгөөжийг ашиглах замаар улс орныхоо нийгэм эдийн засгийн зорилтуудыг хангах их бага хэмжээний бодлого, хууль цөөнгүй гарсан билээ. Үүнээс дурдвал, эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх, хуваарилах зорилгоор Монгол Улс 2009 онд Хүний хөгжил санг, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж, хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газраас холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийг батлан, хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг төдийлөн зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөг хүрxээ. 

Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангийн талаар эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжтой уялдуулан бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах хэрэгцээ, шаардлага бий болсон.

Дэлхий дээр 1940 оноос эхлэн үндэсний баялгийн сангийн тухай ойлголт анх бий болж, түүнээс хойш баялгийн сангийн тоо эрчимтэй нэмэгдэн (ялангуяа 2010 оноос хойш), өнөөдрийн байдлаар олон улсад 176 баялгийн сан үйл ажиллагаа явуулж байна. 

Байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана

Хуулийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хууль нийт 5 бүлэг, 16 зүйлээс бүрдэх аж.

Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан болох Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн төвлөрүүлэх, түүний зориулалт, зарцуулалтын талаар нарийвчлан заасан.   

 Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдсэнээр ямар үр дүн гарах вэ?

Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд дараах эерэг үр нөлөө гарна:

- Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана.

- Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвийн баялгийн үр өгөөжөөс бүрдсэн Үндэсний баялгийн санг бий болгох эрх зүйн орчин бүрсдсэнээр 2019 оны Үндсэн хуулиийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулж, бодитоор хэрэгжих эрх зүйн орчин бий болно.

- Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ.

- Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

- Ирээдүйн өв сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртэх хуримталыг бий болгоно.

- Ирээдүйн өв сангийн хуримтлалын зарим хэсгийг өндөр өгөөжтэй, эрсдэл багатай гадаад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэж, санг арвижуулах боломжийг бүрдүүлнэ гэж Засгийн газраас үзжээ.


Танилц: Үндэсний баялгийн сангийн тухай хууль
2024-04-23 16:37:24
Шинэ мэдээ
Санал асуулга