Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа 22 орны Элчин сайд нар болон төлөөлөгчийн газрын төлөөллийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Европын холбооны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Монгол Улсын хууль, эрх зүйн салбарт үр дүнгээ өгсөн олон үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг дурдаад энэ хамтын ажиллагаа цаашдаа ч улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэр дундаа шүүх байгууллагын цахимжилтаар дамжуулан мэдээллийг нээлттэй, ил тод, хүртээмжтэй болоход Европын холбоо чухал үүрэг гүйцэтгэж ирснийг цохон тэмдэглэв. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлүүдийг танилцууллаа.
Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Аксель Никэйз Европын холбоо 2021-2027 онд Монгол Улстай хамтран ажиллах стратегийн хүрээнд хууль эрх зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулна гэдгээ хэллээ. Уулзалтад оролцсон Европын холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн зүгээс шүүхийн шинэчлэл, сонгуулийн тогтолцоо, парламентаар хэлэлцэж буй онцлох хуулийн төслүүд, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэг сэдвээр санал солилцлоо.
Европын холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын төлөөлөлтэй уулзлаа |
|