Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн ам амьдрахаар төлөвлөжээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2024.05.21/ хуралдаанаар “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Байнгын хороонд мэдээлэл хийсэн.

Тэрбээр, УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник, эдийн засгийн үзүүлэлт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үзүүлэлт боловсруулна гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлигаар Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл, боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хотыг байгуулах холбогдох судалгааг хийх, төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаж, Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын өв соёлыг хамгаалах Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэг, их бүтээн байгуулалтад манлайлан оролцохыг нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалсан.

Мөн УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшил суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг байгуулахаар шийдвэрлэж, шинэ Хархорум хотыг байгуулахтай холбогдуулан 2030 он хүртэлх хугацаанд шинэ хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Төрөөс баримталж буй бодлого, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолоор шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо, 2023 оны 40 дүгээр тогтоолоор шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг тус тус байгуулан эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу тодорхой ажлуудыг гүйцэтгэж эхлээд байна. Шинэ Хархорум хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийннуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189.363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Түүнчлэн тус газрын хөрсний судалгаа, инженер геологийн судалгааны ажил хийгдэж байна.

Мөн Хархорум хотын ундны хэрэгцээг хангах усны судалгааны ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Нийслэлээс шинэ Хархорум хүртэлх авто зам, цахилгаан дамжуулах шугам болон шинэ нисэх буудал байгуулах байршлийг сонгон тогтоогоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, шинэ Хархорум бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаатай хамтран шинэ Хархорум хотын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зарласан бөгөөд нийт 54 улсын 428 баг оролцохоор бүртгүүлээд байна. Эдгээр багууд нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор өөрсдийн төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулж ирүүлэх бөгөөд 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл олон улсын нэртэй архитектурч, төлөвлөгч нараас бүрдсэн үнэлгээний багаар үнэлүүлэн, нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулж олон нийтийн саналыг авна. Эдгээр багуудаас 5-ыг сонгож, шинэ Хархорум хотын хөгжлийн концепцыг боловсруулах ажлыг хийнэ. Шинэ Хархорум хотын төв цэг болох төв талбайн тохижилтын ажил, Ерөнхийлөгчийн ордны цогцолборын зураг төсөл болон Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран боловсруулж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн өв уламжлалыг хадгалсан, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, ногоон, ухаалаг, хүн төвтэй шинэ хотыг төлөвлөж байгуулснаар эртний нийслэл Хархорум хотыг дэлхий дахинд шинээр таниулах соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, гадаад, дотоод, хөрөнгө оруулалтыг татах, шинжлэх ухаан, технологи, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс орон нутагт шинээр бий болгох, хүн амын хэт төвлөрөлийг бууруулах зэрэг ач холбогдлыг бүрдүүлэхээр ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг өгсөн.

Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн ам амьдрахаар төлөвлөжээ. Хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д хийхээр төлөвлөсөн аж. Энэ нь Улаанбаатар хоттой харьцуулвал 3 дахин том бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын бүс 9200 га юм байна. Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн онцлог, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад нийцүүлэн Хархорум хотыг Засаг захиргаа, Түүх, соёлын аялал жуулчлал, Олон улсын харилцаа, Өндөр технологийн үйлдвэрлэл, Эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон аж. Хотод байгуулах нийгмийн дэд бүтэц буюу цэцэрлэг, сургууль хаана, хэдийг байгуулах нь үндсэндээ тодорхой болсон гэсэн мэдээллийг өгсөн. Хотын хамгийн өндөр хэсэг 26 давхар буюу 80 метр хүртэл, дунд хэсэгтээ газрынхаа зориулалтаас шалтгаалаад 50 метр хүртэл буюу 16 давхар барилгатай байхаар төлөвлөжээ.

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн, судлаачид, хот төлөвлөлтийн салбарын мэргэжилтнүүд, төрийн болон мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын санал, зөвлөмжийг авах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулсан гэлээ. Нийт 68 удаагийн уулзалт, 5 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.


Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн ам амьдрахаар төлөвлөжээ
2024-05-22 11:58:39
Шинэ мэдээ
Санал асуулга