Үндсэн цэс
УИХ-ын даргын зөвлөх Н.Булгантамиртай УИХ-ын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил”-ийн талаар ярилцлаа.
-Улсын Их Хурлын даргын танилцуулж буй “Гурван төгөлдөршил” бодлогын талаар товч мэдээлэл өгнө үү?
-2024 оны Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулиар бүрдсэн, олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй анхны парламентаас ард иргэд олон зүйлийг хүлээж байна. Учир нь шинэ парламент салбар бүрийн төлөөлөл, судлаач, туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдлээ. 27 настай УИХ-ын залуу гишүүнээс эхлээд нэр хүндтэй олон хүмүүсээс парламент бүрдсэн тул олны анхаарлын төвд байна. Монгол Улсын Их Хурлын дарга “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулаад байна. Энэхүү бодлого нь иргэдийн өдөр тутмын амьдралд чөдөр тушаа болсон хуулийн заалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго агуулсан. Иймд Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг буюу хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй хүн төвтэй хууль, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль гэсэн “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ” бодлогыг санал болгож байна.
-Тухайлбал, “Гурван төгөлдөршил”-ийн хүн төвтэй хууль гэх үзэл санааг хэрхэн ойлговол зохилтой вэ?
-Угтаа энэ гурван төгөлдөршил бол хоорондоо салшгүй холбоотой зүйл. Ойлгомжтой байлгах үүднээс жишээ, баримтад тулгуурлан тайлбарлая. Хууль бичилт, дараалал, бүтцийн хувьд хүндээ ойлгомжтой байх хэрэгтэй байгаа. Ялангуяа залуу үеийн хэрэгцээ, шаардлагыг тодорхой хэмжээнд анхаарч байх шаардлага байна. Хуульд эхлээд байгууллагын бүрэн эрх, тогтолцоог тусгаад дараа нь иргэний эрх ашигт хэрэгтэй хэсгийг оруулсан байдаг. Тиймээс хууль бүтээх үйл явцад иргэний асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлэх, хуулийг бүтэц, дэс дарааллын хувьд иргэн хүн хайж байгаа зүйлээ олох, ойлгоход хялбар болгомоор байгаа юм. Жишээлбэл, 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь залуучуудын хэрэгцээ шаардлагад тулгуурласан гэхээс илүүтэйгээр тунхаг шинжтэй, төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг тодорхойлсон, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг журамласан. Энэ нь тус хуулийн үнэ цэнийг бууруулан, залуучуудад ойлгомжгүй байдал үүсгэж, бодитой дэм болохгүй байна. Тиймээс энэхүү хууль нь төрийн захиргааны байгууллага, эсхүл эрх бүхий албан тушаалтны хэм хэмжээг тодорхойлохоос илүүтэй залуучуудад ямар боломж олгосон, нийгмийн хэрэгцээг нь хэрхэн хангахыг тодорхой, ойлгомжтой болгох хэрэгтэй байгаа юм. Энэ бол хүн төвтэй байхын суурь үндэс юм. Нэн тэргүүнд хүний эрхийн зөрчилтэй хуулиудын заалтыг засаж, залруулах хэрэгтэй. Хоёр жилийн өмнө хуульчдын хийсэн судалгааг харахад нийт 810 гаруй хуульд дүн шинжилгээ хийж, 300 гаруй хуулийн 400 гаруй заалт хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарчээ. Улсын Их Хурлын дарга чуулганы танхимыг сэтгүүлчдэд нээлттэй болгож буй нь иргэдийн мэдэх эрхийг хангаж буй хэрэг юм. Хуулийн хэлэлцүүлгийн уур амьсгалыг бодитой мэдрэх нөхцөлийг парламент бүрдүүлж байгаа нь иргэдийн мэдэх эрхэд хүндэтгэлтэй хандаж буйн жишээ. Ийнхүү иргэдийн өдөр тутмын амьдралыг хааж боох бус дэмжин туслах, хүний эрхийг дээдэлсэн, эрх тэгш байдлыг хангасан байх нь Хүн төвтэй хууль батлах үзэл санаа юм.
-Гурван төгөлдөршлийн нэг нь цаг үеийн шаардлагад хуулийг нийцүүлэх тухай тусгасан. Цаг үеэ мэдрээгүй, бодит амьдралаас хол байх нь хууль хэрэгжихгүй байхын нэг шалтгаан гэж үздэг шүү дээ?
-Аж үйлдвэрлэлийн 4 дэх хувьсгал ид өрнөж буй цаг үед бид амьдарч байна. Хүн төрөлхтний харилцаа болон техник технологийн дэвшил сараар бус өдрөөр, заримдаа өдрөөр бус цаг, минутаар хэмжигдэх үе иржээ. Тиймээс хууль тогтоох байгууллага нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох хэрэгтэй юм. Жишээлбэл, Тамхины хяналтын тухай хуулиар зөвхөн утаат тамхины асуудлыг хөнджээ. Гэтэл электрон тамхи, шүлсэнд нэвчдэг нунтаг тамхины асуудалд зохицуулалт алга. Мөн AI технологитой холбоотой эрх зүйн орчин, оюуны өмчийн хамгаалалт сул байна. Мөн энэхүү технологи нэвтэрснээр зарим тохиолдолд бусдын нэр хүнд, ажил мэргэжлийн нэр хүндэд халдах оролдого гарч буй тул эрх зүйн үр дагавар бүхий асуудлуудыг зохицуулах зайлшгүй шаардлагатай. Манай иргэд, залуучуудын хэрэглээнд скүтер, мопед гэх тээврийн хэрэгсэл аль хэдийнэ нэвтэрсэн. Гэхдээ үүнийг тээврийн хэрэгсэл гэж үзэх эсэхээс эхлээд харилцааг хэрхэн зохицуулах талаар эрх зүйн акт байхгүй байна. Мотоцикл механикжсан тээврийн хэрэгсэлд хамаардаг. Харин сүүлийн үеийн скүүтер, мопед нь тус тээврийн хэрэгслээс дутахааргүй хүчин чадалтай тул тус асуудлыг зохицуулах шаардлагатай. Сүүлийн 2 жилийн хугацаанд эдгээр хэрэгслээс болж 500 гаруй хүн бэртсэн гэдэг судалгаа гарчээ. Нөгөөтэйгүүр хуулийн хэрэгжилт хангалтгүй байхын сацуу соёл төлөвшөөгүй цөөнгүй жишээг дурдаж болно. Тухайлбал, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд асран хамгаалагчийн эрхийн талаарх тодорхой заалт нь хэрэгжих боломжгүй байна. Энэхүү заалтын талаар мэдээлэлгүй байхаас гадна аж ахуйн нэгжүүд дотоод журмаар хязгаарлалт хийх буюу хууль давсан журам гаргах гэх мэт олон асуудал үүсчээ.
-Тэгвэл үүнээс улбаалаад дараагийн төгөлдөршил буюу иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хуулийн асуудал хөндөгдөж байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт 2786 журам байдаг. Хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулсан жишээ олон. Мөн хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, тодорхой үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэм хэмжээг тухайн харилцааны нэг тал буюу хяналт тавьдаг нийтийн захиргааны байгууллага батлах нь хэр зохимжтой вэ гэдгийг эргэн харах ёстой. Үндсэн хуульд иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмаар хязгаарлахаар заасны дагуу иргэний үндсэн эрхийг хангуулах хүрээнд хуулийг иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой батлан гаргах хэрэгцээ шаардлага байна. Жишээлбэл, Цагдаагийн албаны тухай хуульд “...хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, эсхүл албадлагын арга хэмжээ авсан тохиолдолд...” гэж заасан нь өөрөө иргэний үндсэн эрхэд халдаж байх магадлалтай юм. Мөн Гаалийн ерөнхий газрын даргын тушаалын хавсралтаар “Бараа тээврийн хэрэгслийг саатуулах журам”-ыг батлан гаргасан байдаг. Тус журамд хугацааг зааж өгөхдөө 30 хоногт багтаахаар тусгасан нь иргэний өмчийн эрхийг зөрчиж байж болзошгүй юм. Хууль, журмын зохистой харилцаа алдагдсан нь байгууллага, эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээ нэмэгдэж, хүний эрх бүдгэрэхэд нөлөөлж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд гагцхүү СӨХ-ийн дүрмээр зохицуулахаар бүх төрлийн харилцааг зохицуулж буй нь өрөөсгөл гэж үзэх үндэслэлтэй байна. Жишээлбэл, тус хуулийн 6 дугаар зүйлд “Холбооны дүрэм” хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журам, сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж, ажиллах журмыг тусгасан байна. Ингэснээр хуульд заасан СӨХ-ийн үйл ажиллагааны талаар нэгдсэн зохицуулалт байхгүй, бүгд дор бүрнээ дүрмээр шийдэхээр байгаа нь хуулиар зохицуулбал зохих харилцааны тэнцвэр алдагдаж, дүрэм журам голлох үүрэгтэй болсон. СӨХ-ийн үйл ажиллагаа сайн байх нь иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ хадгалагдах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж чаддаг. Харин СӨХ-ийн үйл ажиллагаа муу байх нь иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө үнэгүйдэхээс эхлээд олон сөрөг үр дагаврууд гарч байдаг. Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд сайн дурын үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болсон нь давуу талтай юм. Гэтэл түүнийг журмаар зохицуулахаар тусгаж, улмаар журам нь хангалттай түвшинд биш тул уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын хавсралтаар Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах журмыг баталсан. Тус журамд сайн дурын ажлын явц, үр дүнг тухайн орон нутгийн Залуучуудын хөгжлийн төвийн саналыг үндэслэн залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга үнэлнэ гэсэн байна. Үүнээс үзэхэд залуучуудын сайн дурын үйл ажиллагааг үнэлэх процесс нь түвэгтэй, олон шат дамжлагатайгаас гадна нэг төрлийн байгууллагын даргын үзэмжээр үнэлж байгаа нь залуучуудад чиглэсэн бодит дэмжлэг болж чадахгүй ба ялгавартай байдал үүсгэж болзошгүй юм.
Н.Булгантамир: Хууль бүтээх явцад иргэний асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлж, ойлгоход хялбар болгох ёстой |
2024-12-04 12:15:24
2024-12-04 12:09:35
2024-12-04 12:06:36
2024-12-04 12:05:14
2024-12-04 11:52:51
2024-12-04 11:51:37
2024-12-04 11:37:01
2024-12-04 11:31:36
2024-12-04 11:25:35
2024-12-04 11:17:59