Үндсэн цэс
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн хэрэгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Эдгээрийн дотор сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг багтаажээ.
Тогтоолын хоёрдугаар хавсралтаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг 16 шалгуур үзүүлэлттэйгээр баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнахдаа тухайн шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулж Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ уг хавсралтад заасан зорилтот түвшнийг хангахад чиглүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
Мөн тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцоолж, санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийх, хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газарт даалгав. Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай үйл ажиллагаагаа уялдуулан хамтарч ажиллахыг Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулж 14 хувьд хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 000 ам.долларт хүргэх, хүний хөгжлийн үзүүлэлт, эдийн засгийн эрх чөлөөний байдлын үзүүлэлт, засаглалын үзүүлэлтийн дундаж болон дэлхийн инновацын үзүүлэлт, дэлхийн сайн орны үзүүлэлтийг тус бүр 10 байраар, авлигын үзүүлэлтийг 30 байраар ахиулах үр дүнг хүлээж байна.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга |
2024-12-09 11:08:40
2024-12-09 11:06:57
2024-12-09 11:01:17
2024-12-09 10:58:54
2024-12-09 10:54:35
2024-12-09 10:52:20
2024-12-05 16:16:22
2024-12-05 15:19:26
2024-12-05 15:13:38
2024-12-05 15:06:01