Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, дүгнэлт гаргав

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан (2024.11.19) Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгох “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцолсон юм. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хууль зүйн үр дагаврыг тодорхойлох, түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг бие даасан, хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд татан оролцуулахаар тусгасан тухай танилцууллаа. Мөн тэрбээр, Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг заавал хэлэлцэх, шаардлагатай бол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, цөөнхийн бүлэг төсвийн хяналтын сонсголыг санаачлах, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос явуулсан хяналтын сонсголын тайлан, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд системтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн, хангалттай бүрдсэн гээд парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чуулга уулзалт чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Мөн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк чуулга уулзалтын эхэнд Монгол, Германы ард түмнүүд ардчилал, үнэт зүйлээрээ нэгдмэл байдгийг онцлон дурдаж, Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учир парламентын хяналт нь ард түмний хяналтыг хэрэгжүүлэх тухай асуудал юм гэлээ. Иймд парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх талаар хоёр тал хамтран ажиллаж, тус тусын ардчиллыг улам бэхжүүлэхийг уриалав.

Чуулга уулзалт “Парламентын хяналтын тогтолцоо”, “Парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгүүдээр үргэлжилсэн юм. “Парламентын хяналтын тогтолцоо” сэдвийн хүрээнд хоёр панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд эхний хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар тавив.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа илтгэлээрээ өнгөрөгч долоо хоногт баталсан “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа. Тэрбээр, стратеги төлөвлөгөөг боловсруулах хүрээнд 2020-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судалж өөрийн орны онцлогтой нийцүүлсэн болон шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурлаас иргэд, олон нийт ямар хүлээлттэй байгааг судалсан талаар тухайлан танилцуулж, Монголын парламентын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс болон таван зорилго, 16 зорилт, тэдгээрийн хүрэх үр дүнгийн талаар товч дурдсан юм. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат илтгэлдээ эдүгээ бүрдэж бий болоод байгаа парламентын хяналтын тогтолцоо, түүний эрх зүйн орчны талаар нэгтгэн өгүүлсэн юм. Үүндээ тэрбээр Монгол Улсын Их Хурлын хяналтын тогтолцоог АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг гадаад улсуудын тогтолцоотой харьцуулан авч үзсэнээ дурдаж, Монгол Улсын 1924, 1940, 1960 болон 1992 оны Үндсэн хуулиудад хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой чиг үүрэг тодорхой тусаж ирсэн болон энэхүү чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй явж ирснийг тэмдэглэв. Эдүгээ Монгол Улсын Их Хурал хяналт шалгалтын чиг үүргээ Улсын Их Хурлын гишүүний асуулт, асуулга, төсвийн хяналт, Ерөнхий сайдын мэдээлэл, үр дагаварын үнэлгээ, хяналтын сонсгол, түр хороо байгуулах зэрэг долоон хэрэгслээр хэрэгжүүлж буйг тэрбээр танилцуулаад, эдгээр арга хэрэгслүүдийг хэрэглэх явцад гарч буй дэвшилттэй болон дутагдалтай талуудын талаар ярив.

Үндсэн илтгэлүүдийг панел хэлэлцүүлгээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку нар оролцож, Улсын Их Хурлын даргын зөвлөх, доктор Т.Алтангэрэл хөтлөн явуулсан юм. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төсвийн болон бодлого, үйл ажиллагааны хяналтад сөрөг хүчний үүрэг оролцоо тэргүүлэх байр суурьтай байгааг дурдаж, хэдийгээр Засгийн газарт МАН, АН, ХҮН хамтарсан ч гэлээ парламентын хяналтыг бүдгэрүүлэх ёсгүй гэж үзэж байгаагаа онцолсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар тус тусын байгууллагын үйл ажиллагаа, хяналт, зохицуулалтын талаар танилцуулсан бол Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку, Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн бол ардчилал улам бэхжиж байгаа жишээ болохыг дурдаад, парламентын хяналтыг бэхжүүлэхэд Улсын Их Хурлаар удирдлага нь томилогддог хяналт, зохицуулалтын байгууллагуудын чадавх, оролцоо, бие даасан байдлыг сайжруулах асуудал чухал гэдгийг хэлэв. Чуулга уулзалтын ороцогчид Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах, улс төрийн болон мэргэжлийн байгууллагын харилцааг нарийвчлан тогтоох, мөн парламентын хяналтын асуудлыг хариуцлагын тогтолцоотой хамтад нь авч үзэх ёстойг онцолж байгаа.

Парламентын хяналтын тогтолцооны талаарх дараагийн хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурал дэлхийн хүчтэй парламентуудын тоонд ордгийг дурдаад, өмнөх Улсын Их Хурлуудад 15 хувиас доошоо орж байгаагүй сөрөг хүчний хувь хэмжээ өнөөдрийн 126 гишүүнтэй Улсын Их Хуралд 10 хувиас доош орсныг анхаарууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг тэрбээр жишээлж, Засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын төсвийг ДНБ-ий 70 хувьтай тэнцэх хэмжээгээр тэлж баталсан нь парламентын хяналтын механизм ажиллахгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм. Мөн тэрбээр, хяналтгүйгээр ямар ч ажлыг хийх боломжгүй гэдгийг онцлоод, Монгол Улсын хамгийн том мега төсөл бол ардчилал өөрөө юм гэлээ.

Хүний эрхийн хяналтын асуудлаарх энэ хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид, Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар ороүлцож, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хөтлөн явуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин парламентын хяналт бол төрийн хяналт биш гэдгийг чухалчлан дурдаж, Улсын Их Хурал өөрийн дотоод бүтцээр баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянах ёстой гэсэн юм. Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг хяналтын байгууллагууд Улсын Их Хурлаас давсан эрх мэдэл хэрэгжүүлэх ёсгүйг анхааруулав. Засгийн газрын хамгийн хүчтэй эрх мэдэл болох хүнийг яллах, шийтгэх эрх мэдлийг хянах нь парламентын хяналтын хамгийн гол чиг үүрэг байх ёстойг тэрбээр дурдаж, Монгол Улсын Их Хуралд өнөөдрийн байдлаар энэ хяналтыг хэрэгжүүлэх бүтэц байхгүй байна гэсэн юм. Иймд тэрбээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дэргэд Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороог байгуулах тухай хуулийн төсөл санаачлаад байгаагаа танилцуулав. Уг төсөлд, парламентын бие даасан прокурор, шинжээчдийг томилох, тэдгээр эрх бүхий албан тушаалтнууд Улсын Их Хурлаас хүртэл нууцалсан далд мэдээллийг нээн илрүүлж, парламентад авчирч өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийн гол чиглэл нь хүний эрх гэдгийг тэмдэглээд, энэ талаарх төрийн хяналтын системийн голлох бүрэлдэхүүн хэсэг бол дотоодын хяналтыг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид гэдгийг онцоллоо. Төрийн байгуулал нэн тэргүүнд өөрөө өөрийгөө хянах нь чухал гэдгийг тэрбээр анхааруулж, хөндлөнгийн хяналтанд шилжихээс өмнө урьдчилан сэтгийлэх, таслан зогсоох нь хүний эрхийг хамгаалахад онцгой үүрэгтэйг дурдсан юм. Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар парламентын ил тод байдал, төсвийн хяналт, Улсын Их Хурлын эрх зүй болон эрх мэдлийн чадавхтай холбоотой асуудлыг хөндөж, эдгээртэй холбоотой судалгаа, кейс шинжилгээний үр дүнгүүдээс танилцууллаа. “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлээгүй нь энэ талаарх хуулийн зохицуулалт хоёрдмол агуулгатайгаас болсныг шүүмжлэв. Хэлэлцүүлгийн болон чуулга уулзалтын оролцогчид хүний эрхийн талаарх парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ талаарх чиг үүрэг бүхий институциудын уялдаа, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг болон сөрөг хүчний эрх, үүргийг нэмэгдүүлэх, хариуцлагын механизмыг тодорхой болгох, чангатгах асуудлуудыг онцолж байв. “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал Монголын парламент Засгийн газрын хууль баталдаг нэгж шиг ажиллаж байгааг шүүмжилж, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралдааныг ил тод, нээлттэй болгох шаардлагатай гэлээ.

Дараагийн хэлэлцүүлгээр парламентын хяналтын дэлхийн жишиг болон чиг хандлагын талаар ярилцав. Энэ хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүдийг МУИС-ийн хүндэт доктор, профессор Ян Зиков, ХБНГУ-ын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, өмгөөлөгч Фредерике Витте нар Бундестагийн жишээгээр олон нийтийн хяналт болон парламентын хяналтыг сайжруулах, бэхжүүлэх боломж, шийдлийг талаар тавив. Профессор Ян Зиков цахимаар тавьсан илтгэлдээ парламентат ёс өндөр хөгжсөн орнуудын жишээгээр парламентын хяналтыг явуулж буй арга туршлагуудаас дурдаж, ХБНГУ-ын парламент болон төрийн институциудын үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн оролцоог Үндсэн хуульд тухайлан заасан болон сүүлийн жилүүдэд үүнд технологийн дэвшил, цахим шийдлүүдийг түлхүү ашиглах болсныг танилцуулсан юм. Ардчилсан засаглалын хяналт, тэнцвэр гэдэг бол зөв хянах, зөв хүндлэх харилцаа болохыг тэрбээр дурдав.

Хатагтай Фредерике Витте Холбооны Канцлер болон түүний танхимыг томилох Бундестагийн эрх, түүний хүч чадлыг тайлбарлаж, итгэл үзүүлэх эсэх асуудлаарх конструктив санал хураалтын дэгийг товч танилцуулсан юм. Тэрбээр, Засгийн газарт тавих парламентын хяналт нь мэдээлэл авах эрхэд тулгуурлаж буйг онцлоод, асуулга тавих, сэдэвчилсэн мэтгэлцээн, хяналтын хороо байгуулах зэрэг Бундестагийн хяналтын механизмуудыг танилцууллаа.

Дээрх илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Анар хөтөлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, С.Зулпхар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Отгончимэг, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нар оролцов. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа парламентад мэдээллийг заавал үнэн зөв гаргаж өгөх, буруу мэдээлэл өгсөн бол маш хатуу хариуцлага тооцдог байх зарчмыг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Монголын парламентын хяналт, шалгалтын эрх зүйн орчин хангалттай бүрдсэн болон судалгаа, нотолгоонд суурилж ажиллах зарчим, соёлыг төлөвшүүлэх явдал учир дутагдалтай байгааг дурдсан юм. Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Отгончимэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтаас гадна хууль батлахаас өмнө тавих урьдчилсан хяналт чухал болохыг онцолж, Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулиудыг урьдчилан баталж буй нь энэ хяналтын механизмын зүйл мөн боловч манай парламент энэхүү эрхээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна гэлээ. Мөн тэрбээр, Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтэд таван жил тутам тогтмол үнэлгээ хийж, үр дүнг хэлэлцэж байх нь чухал үр нөлөөтэйг анхаарууллаа. Тус хэлэлцүүлгийн болон чуулга уулзалтын оролцогчид хууль тогтоох болон парламентын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагаа, энэ талаарх парламентын соёл болон чадавхын асуудлыг нарийвчлан ярилцаж, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авах хариуцлагын асуудлыг онцлон хөндөж байлаа.

“Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтад оролцогчдын асуулт, санал, байр суурийг нэгтгэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва танилцуулж, үг хэллээ. Тэрбээр, чуулга уулзалтаар парламентын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлууд, гарц, шийдлийг олон талын оролцоотойгоор тал бүрээс нь бүтээлчээр хэлэлцсэнийг сайшаан онцлоод, хэдийгээр эрх зүйн орчин бүрдсэн ч түүнийг нутагшуулах, нэг мөр болгох, зохицуулалт хоорондын уялдааг хангах, хуульд заасан байнгын тогтолцоог бүрдүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг тогтмолжуулах шаардлагатай байгааг дүгнэв. Цаашид парламентын хяналтын хүрээ, талуудын оролцоог тодорхойлж, давхардлыг арилгах, хяналтын процесс болон соёл, механизмыг төлөвшүүлэх, мөн парламент болон Засгийн газрын хяналтын чиг үүргүүдийг зааглах, эдгээрийн хэрэгжилтийн механизмыг тодорхой, ил тод болгох, хууль тогтоомжийг сайжруулах ажлыг тухайн хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнд үндэслэх, бодлогын үр дүнгийн хяналт болон үр дүнд суурилсан төсвийн хяналтыг уялдуулж, иргэд, олон нийтийн оролцоог хангах, түүнчлэн парламентын хяналтын дунд, урт хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх асуудлуудад анхаарч ажиллах нь зүйтэй гэж дүгнэж буйг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, дүгнэлт гаргав
2024-11-20 12:49:01
Шинэ мэдээ
Санал асуулга