Үндсэн цэс
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай төслийг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
Тус хэлэлцээр нь хоёр талд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж заасан юм.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголоо
“Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарлаа.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд соёл урлаг, биеийн тамир, спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо. Энэ өдрийн 12.00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дуут дохиолол өгч, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлнэ.
Мөн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, уул уурхайн сургууль, Сүхбаатар дүүргийн Iхороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн Ерөнхий боловсролын I сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.
Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газарт танилцуулан, шийдвэр гаргана
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штаб долоо хоног бүрийн бямба гаригт хуралдаж буй. Үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Шуурхай штабын хоёр удаагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, хэрэгжилтийн үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд тус тус даалгалаа.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө |
2025-01-22 15:47:31
2025-01-22 15:44:42
2025-01-22 12:22:23
2025-01-22 11:49:06
2025-01-22 11:34:32
2025-01-22 11:33:00
2025-01-22 11:31:54
2025-01-21 17:38:59
2025-01-21 17:36:21
2025-01-21 17:35:06