Үндсэн цэс
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.08) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналаа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд санал болгосон нэр дэвшигч Сандагийн Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр сургууль, 1993-1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Нэр дэвшигч 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1999-2000 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан гэлээ.
Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласныг Улсын Их Хурлын дарга танилцуулсан. С.Магнайсүрэн нь Япон Улс, БНАУ, БНСУ, АНУ, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтууд хамрагдаж байсныг дурдаад Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан 45 насанд хүрсэн байх; 45 нас хүрсэн байх; эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх; төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх; сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх; Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг шаардлагыг хангаж байгаа учир Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахаар нэр дэвшүүлж байгаа гэв. Түүнийг ерөнхий аудитороор томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 80.6 хувийн саналаар томилохыг дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов |
2025-05-09 00:07:31
2025-05-09 00:03:31
2025-05-09 00:01:29
2025-05-08 16:55:36
2025-05-08 16:20:20
2025-05-08 15:43:19
2025-05-08 14:49:11
2025-05-07 15:25:36
2025-05-07 15:14:53
2025-05-07 14:37:27