Үндсэн цэс
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна гэв.
Гомбожавын Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. Г.Занданшатар нь ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Г.Занданшатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай иргэд, олон нийтийн итгэл, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгож байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өдөр хуралдсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 10,12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас 1 цагийн завсарлага авсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал, дүгнэлтдээ дурдаад Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг онцолсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын 68 гишүүн асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжлээ.
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо |
2025-08-20 10:29:45
2025-08-20 10:27:30
2025-08-20 10:26:25
2025-08-20 10:24:09
2025-08-20 10:22:21
2025-08-20 10:18:41
2025-08-20 10:17:48
2025-08-15 11:01:08
2025-08-15 10:59:59
2025-08-15 10:59:02