Үндсэн цэс
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы (2025.06.17) хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцууллаа. Төрийн гадаад, дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн шинэ Засгийн газрыг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн байгуулж, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болохоо тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалах нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн мега төсөл, суурь реформ болон аялал жуулчлал, цахим засаглал, эрчим хүчний салбарын либеральчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрөлжсөн бүсүүдийн хөгжил, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, тус сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгыг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх хөшүүрэг байх болно хэмээн үзлээ” гэв.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, улсын эрх ашгийг эн тэргүүнд тавих, улс орны хөгжлийн өмнө тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг харилцан ойлголцолд тулгуурлан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх нь чухал гэж үзэж буйгаа Г.Занданшатар сайд онцлов. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгааг тодотгож байлаа.
Геостратегийн нөхцөл байдал нэн хүндэрч байгааг тэрбээр дурдаад энэ цаг үед эмхлэн байгуулагдах Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь зүйтэй хэмээн үзэж өмнө ажиллаж байсан Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг, нэн ялангуяа мега төслүүд, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хариуцаж буй сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохоо Ерөнхий сайд танилцуулав. Түүнчлэн шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл хэмээн үзсэн гэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга; Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаас бусад Засгийн газрын гишүүнийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулсан.
1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал;
2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад Тогмидын Доржханд;
3.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан;
4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт;
5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад Болдын Жавхлан;
6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар;
7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдинням;
8.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут;
9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар;
10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр;
11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Тилеуханы Аубакир;
12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан;
13.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам;
14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан;
15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр;
16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар;
17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн;
18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн;
19.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг нарыг тус тус нэр дэвшүүлэн, томилохоо Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав. Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзсэн гэдгээ Ерөнхий сайд цохон тэмдэглэлээ.
Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “...Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина…” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга; Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; 20 минутын хот Үндэсний хорооны дарга нарын эрхлэх асуудлыг Монгол Улсын сайд нар давхар хариуцан гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзжээ.
Засгийн газрыг богино хугацаанд, шуурхай эмхлэн байгуулах нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Тогтвортой засаглал, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба”-ыг төлөвшүүлэх хүрээнд төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төсвийн сахилга батыг сахих, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох, олон нийтийн хяналтад оруулах, татвар, нийгмийн даатгалын цогц реформыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ гэв. Мөн төсвийн тодотгол хийж, хэмнэлтийн бодлогыг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Засгийн газрын гишүүдээ томилсон талаараа Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулаад “Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүний МАН-аас 16 сайд, ХҮН-аас 2 сайд, ИЗНН-аас 1 сайд томилогдсон байна. Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан, туршлагатай сайд нар бол үлдсэн 50 хувь нь анх удаа томилогдож байна. Засгийн газрын нийт гишүүдээ Улсын Их Хуралд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль дээдлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хариуцсан ажил, албан үүрэгтээ эзэн болж, мэдлэг, ур чадвараа бүрэн дайчилан, танхимын зарчмыг чанд сахиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн тэрбээр шинэ Засгийн газар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг төлөвшүүлж, хүний хөгжлийн цогц шийдэл, үндэсний аюулгүй байдал, монгол хүний эрх ашигт нийцүүлэн тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэ, шат дараатай шийдвэрлэх, төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй нэгдмэл байдлыг чанд сахиж ажиллахаа илэрхийллээ. Хариуцлагын тогтолцоог чангатгах, татвар, Нийгмийн даатгалын сангийн цогц реформ, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр санаачилгатай, шуурхай ажиллаж тухай бүрдээ Улсын Их Хуралд үр дүнгээ тайлагнах болно гээд “Нэг бодлого-нэг зүтгэл уриаг хэрэгжүүлж, шударга ёс, эв нэгдлийг хангаж ажиллана” хэмээсэн юм.
Дараа нь Засгийн газрын хамгийн ахмад гишүүн буюу Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тангаргийг уншиж, Засгийн газрын нийт гишүүд тангараг өргөв. Дараа нь шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн тус бүр Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Засгийн газар байгуулагдав.
Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсож, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлээд “Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм. Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулах юм” хэмээлээ. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байгааг онцлон сануулаад, цаашид анхаарч ажиллах асуудлуудыг сайд тус бүрд хандан танилцууллаа. Төсгөлд нь тэрбээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв |
2025-06-18 09:58:50
2025-06-18 09:57:23
2025-06-18 09:55:38
2025-06-18 09:54:19
2025-06-18 09:52:49
2025-06-17 20:07:23
2025-06-17 20:05:41
2025-06-17 20:02:10
2025-06-17 19:45:04
2025-06-17 19:43:44