Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр дөрвөн асуудлаар тодорхой шийдвэр гарсныг уламжлав. Тухайлбал, Ерөнхий сайд иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулах үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэлийг сайд нарт үүрэг болгосон. Эрүүл мэндийн үзлэгийг мэдээллийн цахим хэлбэрт шилжүүлнэ. Монгол Улсын хувьд нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болон хавдар ордог. 2010 оны байдлаар хорт хавдрын 4466 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 онд 6702 болж өссөн. Шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 73 хувь нь хожуу үедээ буюу 2-3 шатандаа байгаа нь аюул дагуулж байгаа юм. Тиймээс бүх иргэнийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах шийдвэр гарчээ. 
Мөн Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлуудыг шийдвэрлэх багц бодлогыг боловсруулах чиглэлийг өгч, "Түгээмэл хөгжил" ТББ-ын төлөөлөл болох Ундрахбаярыг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллуулахаар боллоо. 
Үүнээс гадна  нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд нүхэн гарцуудыг нэмэхдээ хөрөнгө мөнгөний асуудлыг 2022 оны улсын төсвөөс гаргана. Мөн Сэлбэ голын дагуух тохижилт, урсацыг нэмэгдүүлэх ажил, үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгуулахаар болсон. Гандан орчмыг "соёлын аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх чиглэлээр санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. 
Түүнчлэн 10 их наядын цогц төлөвлөгөөний 2 их наяд нь ажлын байрыг дэмжихэд зориулж байгаа. Нийтдээ энэ зээлийн хүрээнд 62 мянга 132 ажлын байрыг хамгаалж байна. Өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээр 8768 иргэний ажлын байрыг хамгаалах зээл гарчээ. Өнөөдрийн байдлаар 16.193 зээлдэгч дээрх зээлийг авсан бөгөөд 1.1 их наяд төгрөгийг зарцуулаад байна. Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл ажлын байрыг дэмжих 2 их наяд төгрөгийн зээлийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн тухай мэдээллээ.

Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна
2021-06-08 12:36:46
Шинэ мэдээ
Санал асуулга