ҮББХ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсож, Байнгын хорооны тогтоол баталлаа

 УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг хуралдааны эхэнд сонслоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дээрх асуултын хүрээнд хөндсөн гурван зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан.

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль нь газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, түүхий тос дамжуулах хоолой барих үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд энэхүү дэмжлэгийг үзүүлэх харилцааг нарийвчлан тодорхойлсон журам батлах үүргийг тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Засгийн газарт хүлээлгэсэн.  Энэхүү журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулан 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлуулж, тус хуулийг хэрэгжүүлэх арга замыг тодорхой болгожээ.

  Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажлын явц: Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг БНЭУ-ын Экспорт-Импортын (Эксим) банк, төслийн менежментийн зөвлөх компанитай зөвшилцөн технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байгаа юм байна.

    “Технологийн бус барилга байгууламж” ажлын хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд, хоолны газар, лаборатори, агуулах, засварын цех, анхны тусламжийн барилгууд, үйлдвэрийн талбайд зам, сувагчлал, үерийн ус зайлуулах систем зэрэг технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын бэлтгэлийг 2021 оны 1 дүгээр сараас хангаж, газар шорооны ажлын ухмалын хэсэг бүрэн дуусаж, суурийн хэв хашмал, арматурчлалын ажил, ус дамжуулах хоолой, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын газар шорооны ажлууд үргэлжилж байгаа гэв.  

    Үйлдвэрийн иргэний барилга байгууламжууд болох угтах байр-1, угтах байр-2, лаборатори, анхны тусламжийн төв, хоолны газар, оффис, сургалтын төв, агуулах, засварын цех, гал унтраах ангийн барилгын зураг төслийн ажил нь 86 хувийн гүйцэтгэлтэй, барилга угсралтын ажил хянагдсан зураг төслийн дагуу 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд газар шорооны ажил бүрэн дуусаж, бүтээцийн ажлууд явагдаж байна. Үйлдвэрийн технологийн усыг Бор хөөврийн говиос хангахаар шийдвэрлэсний дагуу 11 худаг, 100м3-ын ус цуглуулагч сав, ус дамжуулах 88 км урттай хоолой, өргөх насос станцын ажил 17 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрийн талбайд байрлах 30000м3 багтаамжтай усан сангийн барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй хийгдээд байгаа аж.  

  

      Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэг хэсэг болох үйлдвэрийн ажилчдын 550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа юм байна. Ковид-19 цар тахлаас үүдсэн хөл хорио бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч урин дулаан улирлыг бүрэн ашиглаж, үйлдвэрийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах үүднээс боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа талаар асуултын дагуух мэдээлэлд дурдав. 

    Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болох боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах Дорнод аймгийн Матад сумаас, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн байршил хүртэлх 560 орчим километр түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийн ажлыг эхлүүлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Түүхий тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” Үнэлгээний хороог байгуулж, мэргэжил, санхүүгийн чадавхтай олон улсын компаниудыг тендерт оролцуулах зорилгоор урьдчилсан сонголтын урилгын зарыг АНУ-ын “Gulf Publishing” компанийн “Pipeline and Gas Journal” сэтгүүл болон олон улсын газрын тосны сайтуудад нийтлүүлсэн. Урьдчилсан сонголтод 9 улсын 22 компани оролцох хүсэлтээ ирүүлснээс бидний тавьсан нөхцөл, шаардлагыг хангаж, хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн 15 компанид тендерт оролцох урилга, тендерийн баримт бичгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн байна. Тендер шалгаруулалтын материал ирүүлэх эцсийн хугацааг 2021 оны наймдугаар сарын 23-ны өдрөөр тогтож, сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангажээ.

    Ерөнхий сайдын 2020 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн танилцуулга, мэдээлэл: Ажлын хэсгийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 15 зүйлээр Шадар сайдын 2020 оны 94 дүгээр тушаалаар баталсан.  Уг төлөвлөгөөний хэрэгжилтийг арга хэмжээ бүрээр гаргаж, Төрийн ордонд 2021 оны наймдугаар сард болсон ажлын хэсгийн хуралд танилцуулжээ. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд Шадар сайдаас, Тяньжин, Эрээн боомтоор ачаа барааг шуурхай татан авах талаар Засгийн газраас шийдвэр гарч, Улсын онцгой комисст чиглэл өгөгдсөний дагуу үйлдвэрийн төслийн тоног төхөөрөмж, бараа материалын татан авалтыг нэн тэргүүнд дараалал харгалзахгүй оруулах талаар ажлын хэсгийн гишүүд, нарийн бичгийн дарга, компанийн төлөөлөл хамтран ажиллах үүрэг даалгаврыг ажлын хэсгийн гишүүдэд өгсөн байна. Мөн дамжуулах хоолойн төсөлд Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх; БНЭУ-ын Гадаад хэргийн яам, Газрын тос болон байгалийн хийн яамтай төслийн үйл ажиллагаа болон хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, уул уурхай, газрын тосны салбарт Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж санамж бичиг байгуулах бэлтгэл ажлыг хангах үүргийг ажлын хэсгийн гишүүдэд өгчээ. 

“Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Дараа нь төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргаж буй саналуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.


ҮББХ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсож, Байнгын хорооны тогтоол баталлаа
2021-10-05 14:56:05
Шинэ мэдээ
Санал асуулга