З.Бауржан: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндсэн 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээ, мэдээллээ иргэд олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтсийн дарга З.Бауржантай ярилцлаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихлаа. Хөтөлбөрийн гол зорилго нь юу вэ?

-Монгол Улсын Засгийн газраас  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг 4 үе шаттайгаар (1997-2020 оны хооронд) хэрэгжүүлсэн. Тодруулбал, хууль эрх зүй, дүрэм журам, стандартыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцоо болон хөдөлмөрийн хяналтыг бэхжүүлэх, эрүүл, аюулгүй хөдөлмөрийн нөхцөлийг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулахад чиглэсэн нийгмийн түншлэлийг аж ахуйн нэгж байгууллагын түвшинд бий болгох ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль батлагдсан. Ингэснээр өмнө нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг байсан ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой харилцааг бие даасан хуулиар зохицуулдаг болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, хяналт, ажил олгогч, ажилтны үүрэг, хариуцлага, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүний санхүүжилт зэрэг нийтлэг шаардлагуудыг бий болгосон.

Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын, 155 (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай), 167 (Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай), 176 (Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн  тухай) дугаар конвенцүүдэд нэгдэж,  аж ахуйн нэгж байгууллагуудад ХАБЭА-н менежментийн тогтолцоо хэрэгжих, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтэд нийгмийн түншлэлийн оролцоо нэмэгдэх, ХАБЭА-н ажилтан, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн.

Үндэсний хөтөлбөрүүд тасралтгүй, тогтвортой хэрэгжсэний үр дүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүй, бүтэц тогтолцоо сайжирч, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтэд ахиц дэвшил гарсан. Гэсэн хэдий ч ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэхийн зэрэгцээ цар тахал, шинэ технологи, шинэ ажил мэргэжил, аж үйлдвэржилтийн өсөлт зэргээс шинээр бий болж буй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл бүтээмжтэй ажиллах хүчээр эдийн засгийг дэмжих асуудал чухлаар хөндөгдөж байна.

-Хөтөлбөрийн зорилгын хүрээнд ямар ямар зорилтуудыг дэвшүүлж байгаа вэ?

-Хөтөлбөр үндсэн 5 зорилтын хүрээнд хэрэгжинэ. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, уялдаа холбоог нь сайжруулна. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааг сайжруулна. Гуравдугаарт, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтэд хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг сайжруулна. Дөрөвдүгээрт, Аж ахуйн нэгж байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтийг сайжруулна. Тавдугаарт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн боловсрол, сургалт, статистик эрдэм шинжилгээнд дэмжлэг үзүүлнэ гэсэн байгаа.

-Таван зорилтын хүрээнд ямар ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ?

-Дээрх 5 зорилт нь тус бүрдээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай. Жишээлбэл, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, уялдаа холбоог нь сайжруулна” гэсэн зорилтын хүрээнд гол хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь “Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээ, асбесттай холбоотой өвчний урьдчилан сэргийлэлт, хөдөлмөрийн хяналт, хөдөө аж ахуйн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх хууль тогтоомжийг сайжруулан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хяналтын 81, Хөдөө аж ахуйн хөдөлмөрийн хяналтын 129, Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээний 161, Асбестийн 162, Хөдөө аж ахуйн аюулгүй байдал, эрүүл мэндийн 184, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зохион байгуулалтыг дэмжих 187 дугаар конвенцүүдэд тус тус нэгдэн орох асуудал байгаа.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн олон улсын зарчимтай нийцүүлэн шинэчилж, идэвхтэй урьдчилан сэргийлэлт, талуудын эрх, үүрэг,  байгууллагын түвшний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо, нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл мэдээлэл, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт, ажилтны эрүүл мэндийн үзлэг тандалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтний ажил үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний бодлогын хэрэгжилтийн санхүүжилтийг тодорхой болгох асуудлыг зохицуулах гэх мэт чухал чухал хэрэгжүүлэх асуудлууд бий

-Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэх вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль эрх зүйн шинэчлэлийг идэвхтэй урьдчилан сэргийлэлт, зохистой хөдөлмөрийн зарчимд суурилан хийж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урдчилан сэргийлэх үр нөлөөг нь сайжруулж, Олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын  81, 129, 161, 162, 184, 187 дугаар конвенцэд нэгдэх бэлтгэл хангагдаж байгаа юм.

Мөн Үндэсний түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалтад оролцдог байгууллагуудын чиг үүргийн оновчтойгоор зохион байгуулж, хамтын ажиллагааг нь сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлтийн үр нөлөөг нэмэгдүүлнэ.

Бичил бизнес, жижиг үйлдвэр, албан бус салбар, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг хууль тогтоомжинд тодорхой тусгаж, түүнийг хэрэгжилтэд дэмжлэг, арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлнэ гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх үр нөлөө үзүүлэх юм.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа болон санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Хөтөлбөрийг 2021 -2025 онд хэрэгжүүлэх бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зарцуулах хөрөнгө, ОУ-ын байгууллага, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт болон бусад эх үүсвэрээс санхүүжилтийг шийдвэрлэх юм.

-Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтын талаар?

-Хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах, салбар дундын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах,  нэгдсэн удирдлагаар хангах үүргийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороотой хамтран хэрэгжүүлнэ. Ингэхдээ Төрийн зархиргааны төв байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь салбарын, нутаг дэвсгэрийн болон байгууллагын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухайн жилийн төлөвлөгөө, төсөвтөө тусгах замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор гаргаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 


З.Бауржан: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндсэн 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ
2021-10-14 14:10:31
Шинэ мэдээ
Санал асуулга