Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аар нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.
НЭГ. ХӨВСГӨЛ НУУРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР:
-
Хөвсгөл нуурын экосистемийн төлөв байдлын байнгын мониторинг судалгаа, шинжилгээ хийх чиг үүрэг бүхий судалгааны төв байгуулах;
-
Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
-
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалттай газрын жишиг загвар болгон хөгжүүлэх талаар цогц төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах;
-
Хөвсгөл нуурын экосистемийг бүхэлд нь хамгаалах, биологийн олон янз байдал, байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор улсын тусгай хамгаалалттай газрыг өргөтгөх;
-
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон орчны бүсийн Хатгал тосгон, Ханх, Алаг-Эрдэнэ сумын хог хаягдлын менежментийг сайжруулах, хатуу хог хаягдал боловсруулах стандартын шаардлага хангасан байгууламж байгуулах;
-
Хөвсгөл нуурын экосистемийн үнэ цэн, нуурыг хамгаалах, экологийн боловсрол олгох, аялал жуулчлалд оруулах хувь нэмрийг сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулах;
-
Хөвсгөл нуурын экологийн эрсдэлийн үнэлгээ, мониторингийн технологи боловсруулах төсөл хэрэгжүүлэх;
ХОЁР. ХӨВСГӨЛ НУУР ОРЧМЫГ ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР:
-
Хөвсгөл нуурын тусгай хамгаалалтын бүсэд газар олголтыг цэгцэлж, шинээр газар олгохыг зогсоох;
-
“Хөвсгөл нуурын Эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
-
Аялал жуулчлалын стандартын шаардлагыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, шаардлага хангаагүй жуулчны баазуудын зөвшөөрлийг цуцлах, гэр кэмпийн үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авах;
-
Аялал жуулчлалын баазын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, бууруулах, дахин боловсруулах цогц менежментийг хэрэгжүүлэх;
-
Жуулчдад зориулсан соёл, аялал жуулчлалын мэдээллийн төвийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах, тусгай сонирхлын аяллын жим, отоглох цэгийн тоог нэмэгдүүлэх;
-
Хөвсгөл нуурыг хамгаалах нөлөөллийн ажлыг зохион байгуулж, орон нутгийн иргэд, залуучуудыг хамруулах;
-
Нуураас татаж гаргасан Сүхбаатар хөлөг онгоцыг аялал жуулчлалын үзмэр болгох зорилгоор төлөвлөлт хийж дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн авто зогсоол байгуулах;
ГУРАВ. ХӨВСГӨЛ НУУРЫН УСНЫ БОХИРДОЛ, ЧАНАРЫН АСУУДЛААР:
-
Хөвсгөл нуурыг үндэсний бахархалт нуур болгох;
-
Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх, дэглэмийг мөрдүүлэх, үүссэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ авах;
-
Усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх, мөрдүүлэх, бүртгэлийг шинэчлэх, усан зогсоолын цогцолбор болон авто зогсоолын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх;
-
Нуур орчмын нүхэн жорлон, стандартын бус бохирын цооногийг устгах, хориглох, нийтийн зориулалт бүхий газруудад эко ариун цэврийн байгууламжууд байгуулах;
-
Хөвсгөл нуурын ёроолын иж бүрэн судалгаа хийж, усны нөөц, чанарт үзүүлэх эрсдэлийг бууруулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
-
Ханх, Хатгал сумын ундны ус хангамжийн асуудлыг иж бүрэн төлөвлөж шийдвэрлэх, ус, ариун цэврийн байгууламжийг нэгдсэн системд оруулж өгөх;
-
Хөвсгөл нуур ус судлалын өртөөний “Усны чанарын хяналтын лаборатори”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, дүн мэдээ боловсруулах, хяналт шинжилгээний цар хүрээг нэмэгдүүлэх;
ДӨРӨВ. ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХ ТАЛААР:
-
Нуурт живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгаа хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах ажлыг аюулгүй байдлыг ханган зохион байгуулах;
-
Хөвсгөл нуур орчмын гамшгийн эрсдэлийн болон татан гаргах ажиллагааны эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
-
Усны гүнд эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж худалдан авах, усан дор хайгуул судалгаа хийх, татан гаргахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх;
-
Усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалт, бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
-
Нуурын мөсөн дээгүүр автомашинтай зорчих, тээвэр хийхийг хориглох /хязгаарлах/, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналтыг сайжруулах.
Зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлнэ.
“Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас зөвлөмж гаргалаа |
|